Тайванийн Тайпэй хотын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр нэгэн зүрх зүсэм, нандин үйл явдал боллоо. Талийгаач жүжигчин Барби Сюгийн (Big S) таалал төгссөний нэг жилийн ойг тохиолдуулан түүний хань, Dj Koo (Ку Жүн Ёп) өөрийн гараар урласан хөшөөгөө олны хүртээл болгов.
Энэхүү хөшөө нь зөвхөн уран баримал биш, тэдний хайр дурлал, амлалт болон дахин давтагдашгүй дурсамжуудыг агуулсан “Барбигийн галактик” юм. Хөшөөний бүхий л хэсэгт нарийн утга учир, бэлгэдэл шингэсэн байсныг дор тоймлон хүргэж байна.
Хөшөөний нарийн бэлгэдэл ба “Хайрын тоо”
Dj Koo хөшөөгөө бүтээхдээ зөвхөн гоо зүйн талыг бус, Барбигийн хэлэх дуртай байсан үгс болон тэдний амьдралын чухал мөчүүдийг геометрийн дүрслэлээр харуулжээ.
- 208 градусын чиглэл: Хөшөө өмнө зүгт буюу 208 градус руу харан байрласан. Энэ нь тэдний амьдардаг Тайпэй хотыг чиглэсэн бөгөөд 208 гэдэг тоо нь тэдний хуримын ой болох хоёрдугаар сарын 8-ны өдрийг бэлгэджээ.
- S хэлбэрийн 9 шат: Гантиг суурь хүртэлх зам нь “S” үсгийн хэлбэртэй 9 шаттай. “S” нь Барби Сюгийн нэрийг, харин 9 тоо нь Солонгос хэлээр “Ку” (Dj Koo-ийн овог) гэх үгтэй ижил сонсогддог байна.
- Галактик сэдэв: Барби амьд ахуйдаа “Би харь гарагаас ирсэн” гэж хэлдэг байсан тул түүнийг харь гарагтаа буцаж очсон ч үргэлж хамт байгааг илтгэн энэхүү галактикийг дүрсэлжээ.

“Чинийхээ мөнхийн халзан ах”: Сүүлчийн зүрх зүсэм зурвас
Хөшөөний нээлтийн дараа Dj Koo өөрийн сошиал хуудаснаа гүн эмгэнэл, харуусал шингэсэн гар бичвэр нийтэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь зүрхийг хөндүүрлүүлэв. Тэрээр зурвастаа:
“Өглөө өрөөний мухар дахь хоосон орны буланд суухдаа энэ бүхэн зүүд байгаасай гэж хүсдэг ч зүрх минь өвдсөн хэвээр байна. Барби минь, дараа дахин уулзахдаа үүрд хамт байцгаая. Чинийхээ мөнхийн халзан ах, Жүн Жүн-ээс нь…”
хэмээн бичжээ. Энэхүү үгс нь түүний хайр нэг жилийн дараа ч хөрөөгүй, харин ч улам гүнзгийрч, Барбиг үхэн үхтлээ санах болно гэдгээ илэрхийлсэн амлалт байлаа.
