Монголын морин спорт, уяачдын хүсэн хүлээдэг уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдаан энэ жил эргэн ирж байна. Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны (ММСУХ) шийдвэрээр “Дүнжингарав-2026” уралдааныг ирэх тавдугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулахаар товложээ.
Энэ жилийн уралдааны хувьд Их нас, Соёолон болон Сонгомол дунд насны ангилалд хурдан хүлэг багшсан шандас шалгах юм. ММСУХ-ны Тэргүүлэгчид энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн анхдугаар хурлаараа уг уламжлалт уралдааныг дахин сэргээх түүхэн шийдвэрийг гаргасан билээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн хаврын уралдааныг улсын бүсийн зэрэглэлгүйгээр явуулахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү уяачид болон морины хорхойтнууд ирэх сарын эхний өдөр Хүй долоон худагт цуглаж, хаврын анхны томоохон уралдаанаа үзэж сонирхох боломжтой боллоо.
