ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр 2025 оны хоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд бүртгэгдэж буй улаанбурханы халдварын тархалтын талаар хэвлэлийн мэдээлэл хийлээ.
Түүний мэдээлснээр, 2025 оны 2-р сарын 18-наас хойш 1756 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 1199 хүн эдгэрсэн байна. Тус өвчлөл нийт 11 аймагт тархсан бөгөөд нийт бүртгэгдсэн тохиолдлын 73 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Өвчлөгсдийн ойролцоогоор 40 хувийг 10-14 насны хүүхдүүд эзэлж байгаа бол өнөөдрийн байдлаар 264 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Э.Анхбаяр захирал “Өвчлөл нэмэгдэхийн хэрээр хүндрэл, эндэгдлийн тоо дагаад өсч байна. Өнөөдөр өглөө дархлаажуулалтын насанд хараахан хүрээгүй, 4 сартай нярай хүүхэд улаанбурхан өвчнөөр нас барлаа. Тухайн нярай хүүхэд сар гаруй хугацаанд хатгалгаатай явсан бөгөөд хэд хэдэн эмнэлэг дамжсан, ХӨСҮТ-д ирэхэд аль хэдийн хүнд байдалд орсон байсан” хэмээгээд, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийллээ.
Мөн тэрээр “Дархлаажуулалтын насанд хүрээгүй нярай хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүүхдүүд халдварт өртөх нь амархан. Халдвар авбал хүндрэлээр амь насанд хүрэх эрсдэл өндөр. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулах нь маш чухал” хэмээн уриалав.
2 comments
Маш их санаа зовоосон нөхцөл байдал
Тэд энэ талаар илэн далангүй ярьж байгаа нь сайн хэрэг. Эцэг эхчүүд эрсдэлийг мэддэг байх ёстой