Э.Батмагнай “Чингис хаан цом”-ын эзэн болж чадах уу?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Залуу арслан Э.Батмагнайн цолны мялаалга наадам 8-р сарын 13-нд болохоор боллоо — Баянхонгорын шинэ бахархал

Их Эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ойтой давхцах “Монгол бахархлын өдөр”-ийн үндэсний бөхийн барилдаан маргааш 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд дэвжээ задална. Энэ удаа Улс, аймгийн алдар цолтой шилмэл 128 бөх “Чингис хаан цом”-ын төлөө хүч үзэх бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн энэхүү цомыг Монгол бахархлын өдрийн түрүү бөхөд гардуулж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар журамласан билээ.

Анхны “Чингис хаан цом”-ын эзнээр өнгөрсөн жил Улсын харцага Э.Даш тодорч, үндэсний бөхийн дэвжээнд шинэ түүхийн хуудас нээсэн. Чансааны хувьд тус барилдаан нь Улсын наадам, Цагаан сарын барилдаанаас дараах байранд эрэмбэлэгддэг тул аварга, арслан цолтнууд бараг бүгд зодоглож, жинхэнэ “оддын тулаан” болно гэж бөх сонирхогчид үзэж байна. Маргааш зодоглох 128 бөхийн нэрс өнөөдрийн 18:00 цагт эцэслэн баталгаажих юм.

Энэ жилийн түрүү бөх хэн байх вэ гэдгийг олон нийтийн дунд хэдийнээ хэлэлцэж эхэлжээ. Үзэгч, шинжээчдийн олонх дараах бөхчүүдийн нэг нь цом өргөх магадлал өндөр гэж харж байна.

  • Дархан аварга Н.Батсуурь
  • Улсын аварга О.Хангай
  • Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Улсын арслан Б.Орхонбаяр
  • Улсын арслан Э.Батмагнай

Тэдгээрээс ялангуяа залуу арслан Э.Батмагнай “Алтан цом”-ын төлөөх барилдаанд гарсан 10 барилдаанаа бүгдийг нь давж, заалны барилдаанд бараг унадаггүй гэдгээ нотлоод байна. Түүний хувьд хэдийнээ “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-оо хүртсэн тул энэ удаа “Чингис хаан цом”-ыг гартаа атгаж, цомуудаа ихэрлүүлэх өндөр боломжтой гэдэг таамаг давамгайлж байгаа юм.

Гэхдээ өнгөрсөн оны “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд Э.Батмагнай хоёрын даваанд Увс аймгийн аймгийн арслан Б.Нямсамбууд өвдөг шороодож, тун эртхэн дэвжээг орхиж байсан нь энэ жил хариугаа авах, илүү өндөр амжилт гаргах сэдлийг нь бүр ч хүчтэй болгосон гэж хэлж болно. Тиймээс энэ жил шөвөг, цаашлаад түрүүг онилж барилдах нь тодорхой байна.

Нөгөө талд, Улсын арслан Ц.Бямба-Отгон ч мөн “Алтан цом”-ын барилдаанд 10 барилдаж есөн даваа авсан гайхалтай үзүүлэлттэй явна. Тэрбээр өнгөрсөн жилийн “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд зургаа давж үзүүрлэсэн тул дутуу үлдсэн ажлаа энэ жил гүйцээж, түрүү авна гэсэн хүлээлт бий. Ийнхүү Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон нарын аль нэг нь цомын төлөөх гол өрсөлдөгчөөр тодрох магадлалтай байгааг бөхийн хүрээнийхэн онцолж байна.

Маргаашийн дэвжээн дээр аварга, арслангуудын форм, сугалааны хослол, эхний даваануудын үр дүнгээс шалтгаалан өрсөлдөөн огцом эргэж мэднэ. Харин “Алтан цом”-д 10:10 харьцаатай яваа Э.Батмагнай “Чингис хаан цом”-ыг анх удаа толгой дээрээ өргөх үү, эсвэл өөр нэгэн одтой бөх шинэ түүх бичих үү гэдгийг бөх сонирхогчид тээнэгэлзсэн догдлолоор хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй