Мэргэжлийн боксын дэвжээнд амжилттай яваа Эрдэнэбатын Цэндбаатар ээлжит тулаанаа 2025 оны 7-р сарын 12-нд АНУ-ын Калифорниа мужийн Фресно хотын «Save Mart Center»-т хийхээр болжээ. Энэхүү тулаан нь PROBOX холбооны хүрээнд зохион байгуулагдах бөгөөд түүний өрсөлдөгч нь мексик гаралтай америк боксчин Умберто Галиндо байх юм.
Э.Цэндбаатарын хувьд энэ нь мэргэжлийн боксын 13 дахь тулаан бөгөөд өмнөх 12 тулааныхаа 6-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авч байжээ. Сүүлд тэрээр 2-р сарын 25-нд эх орондоо зохион байгуулагдсан тулаанд Мексикийн Педро Бернал Родрегисийг илт давуу ялж, ээлжит амжилтаа үргэлжлүүлсэн.
Харин тавдугаар сард АНУ-ын Жордан Уайттай хийхээр төлөвлөсөн дараагийн тулаан нь тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан ч, Цэндбаатар бэлтгэлээ тасралтгүй үргэлжлүүлсээр байгаа билээ.
Умберто Галиндо нь 25 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэн дээр 20 тулаан хийснээс 13-д нь ялж, 3 удаа ялагдсан, 3 тулаанд тэнцсэн үзүүлэлттэй. Гэсэн ч сүүлийн дөрвөн тулаандаа ялалт аваагүй, үүнээс хоёр нь Оскар Браво болон Абрахам Нова нартай хийсэн тулаанууд байсан бөгөөд хоёр ч удаа эвийн гэрээгээр өндөрлөсөн юм.
Тулааны өдөр Гватемалын шилдэг боксчин Лестер Мартинес болон Францын Пьер Дибомбе нар гол тулаанд хүч үзнэ. Л.Мартинес 19 тулаан хийж бүгдэд нь ялсан бол П.Дибомбе 25 тулаан хийж 22 ялсан, туршлагатай тулаанчид юм.
Монголын боксын фэнүүдийн хувьд Э.Цэндбаатарын энэ тулаан олон улсын анхаарлын төвд байх бөгөөд цаашдын карьерт нь чухал нөлөө үзүүлэх хариуцлагатай тулаан болох юм.