Э.Дөлгөөн: “Netflix-рүү, Солонгос тамирчид руу дайрсан гүтгэлэгээ дотроо л үлдээгээрэй”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Дөлгөөн

“Physical Asia” шоуг Монголд төлөөлөн зохион байгуулалтад нь оролцож буй “Spark Agency” компанийн захирал Э.Дөлгөөн олон нийтийн сүлжээнд энэ шоу, Монголын багийн эргэн тойронд өрнөж буй шүүмжлэл, сөрөг постуудын талаар албан байр сууриа илэрхийллээ. Тэрээр юуны өмнө Монголын “дайчид”-аа чин сэтгэлээсээ дэмжиж, шөнө өдөргүй шууд дамжуулалт үзэж, сэтгэгдлээр урам өгч байгаа хүн бүрт баярласнаа илэрхийлсэн юм.

Гэвч сэтгэл хөдлөлөө дагаж, хил давуулан хэрүүл өдөх, зохион байгуулагчид, Netflix, бусад улсын тамирчид руу хараал, доромж үг шидэж буй хэсэг хүмүүсийн үйлдэл Монгол багийг бус харин ч нэр хүндийг нь унагаж болзошгүйг санууллаа. “Хаана юу бичиж байна вэ, түүнийг тань зохион байгуулагч, өөр орны тамирчид яг яаж уншиж, яаж ойлгох бол?” гэж тэр онцлоод, “Netflix-рүү, Солонгос тамирчид руу дайрсан гүтгэлэг, байж боломгүй үгсээ дотроо хадгалаарай” хэмээн шууд хэлжээ.

Тэрээр зохион байгуулж буй талд хандсан хардалт, сэрдэл байж болохыг үгүйсгээгүй ч, бодит байдал дээр ийм байдлаар будлиан гаргах боломж бараг байхгүйг дараах үндэслэлээр тайлбарласан байна.

  • “Physical Asia” шоуг цаашлаад Netflix-ийн спортын “Олимп” шиг томоохон платформ болгох зорилготой хүмүүс хэзээ ч эх орныхоо багийг зориуд илт дэмжиж, өөртөө харамсалтай эрсдэл дагуулах алхам хийхгүй,
  • Солонгосын баг өмнөх 1, 2 дугаар улиралд ч өрсөлдөж, ижил төрлийн шоуны хамгийн их туршлагатай тамирчид болсон,
  • Эзэн орны хувьд сэтгэлзүйн тодорхой давуу тал гарах нь спортод хэвийн үзэгдэл бөгөөд үүнийг саяхан болсон 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн охидын тоглолтоос ч харж болно,
  • Солонгосын баг ч өөрсдийн эх оронд зохион байгуулж буй учраас “заавал хожих ёстой” гэсэн дарамтад нэг талаас орсон, нөгөө талаас хожсон ч “хаалттай, захиалгатай” гэх хардлагад өртөх нь тодорхой байлаа, гэвч тэд тэмцээний дүрэм, зарчмын хүрээнд хожсон.

Э.Дөлгөөгийн хэлснээр, ялалтыг Солонгосчууд авсан ч энэ шоунаас хамгийн их үнэ цэн, хамгийн их хайрыг авсан улс бол маргаангүй Монгол. Дэлхий дахинд “монгол хүн” гэх дүр төрх зөвхөн бяр, булчингаар хязгаарлагдахгүй, ухаан, сэтгэл, багийн ажиллагаа, ёс суртахууны хувьд ч өөр түвшинд байгаа гэдгийг монгол “дайчид” харуулж чадсан гэж тэр онцолсон. Олон орны үзэгчдээс ирж буй эерэг сэтгэгдэл, дэмжлэгийг харахад зохион байгуулагч Солонгосын тал, Netflix-д талархах нь илүү зөв хандлага гэж уриалжээ.

Мөн энэ бүх үйл явдал “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буйг тэмдэглээд, энэ үед бид уур хилэн, бухимдлаа интернэт дээр бус өөрийн дуртай спортод, хөдөлгөөн, бүтээлч зүйлдээ шингээвэл илүү их утгатайг сануулсан. Тэрээр “Дэлхий нийт Монгол руу хараад сууж байгаа энэ онцгой мөчид муухай үг бус, эерэг энерги, хийж бүтээж буй залуусаа харуулж чадвал хамгийн том дэмжлэг, хамгийн том бахархал нь тэр” хэмээн уриаллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй