Э.Халиунболд, П.Мөрөн нар “Дакар ралли-2026”-д хурд хүчээ сорьж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Халиунболд, П.Мөрөн нар “Дакар ралли-2026”-д хурд хүчээ сорьж эхэллээ

Саудын Арабын Янбу хотод “Дакар ралли-2026” уралдаан албан ёсоор эхэллээ. 48 дахь удаагийн “Дакар ралли”-д хүч үзэж буй тамирчид энэ жил нийтдээ 8000 км замыг туулах бөгөөд уралдааны эхний өдрийн гараа Янбу хотод өчигдөр болсон байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Гавьяат тамирчин Э.Халиунболд, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар оролцож байгаа юм.

Нийт 14 хоног үргэлжлэх энэ удаагийн уралдааны эхний өдөр нийт 527 км замтай байснаас цаг тооцох үндсэн хэсэг нь 305 км үргэлжилжээ. Тус тусгай этапын зам нь чулуу, элс, хатуу шороон гадаргуутай байсан бөгөөд нийт маршрутын 70 хувь нь хайрга, 16 хувь нь элс, 8.0 хувь нь чулуу, 4.0 хувь нь элсэн манхан бүхий хэсгийг туулсан байна.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 305 км зайг 3:51:45 цагийн амжилтаар дуусгаж, нийт 120 тамирчнаас 33-т бичигдэн, “Ралли-2” ангилалдаа 20 дугаар байрт барианд оржээ. Харин Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий чансаагаар 52, “Ралли-2” төрөлдөө 35 дугаар байр эзэлсэн байна.

Уралдаан Янбу хотоос өнөөдөр нүүдэллэж, Алула хотын чиглэлд үргэлжлэхээр болжээ. Хоёр дахь өдрийн нийт зам 504 км байх бөгөөд үүнээс 104 км нь суурингийн (холболтын) зам аж. Харин уралдааны үндсэн буюу цаг тооцох хэсэг 400 км үргэлжлэх бөгөөд маршрутын 49 хувь нь хатуу шороо, 23 хувь нь элсэрхэг, 28 хувь нь чулуун хад асгатай байхыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан болон сэтгүүлч, зураглаач С.Батболд мэдээллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй