Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн E-Mongolia платформын хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
E-Mongolia төслийн үндэс 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Эстони Улсад айлчлан тус улсын цахим засаглалын сайн туршлагыг судалсан үеэс эхтэй. Улмаар “Цахим Монгол” төслийн баг Эстонийн e-Governance Academy-тай хамтран ажиллаж, төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгох зорилго бүхий платформыг хөгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр 2020 оны аравдугаар сарын 2-нд E-Mongolia системийг нээж, эхний шатанд 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулжээ.
Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд 88 байгууллага нэгдэж, нийт 1,264 төрлийн төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэж байна. Насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь уг платформыг ашиглаж байгаа бөгөөд нийт 73.6 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлснээр ойролцоогоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэсэн тооцоо гарсан байна.
Цахим засаглалын үр дүнг олон улсын түвшинд ч үнэлж байгаа бөгөөд 2020 онд НҮБ-ын цахим засаглалын индексээр 92 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс 2024 онд 46 дугаар байрт дэвшиж, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдээд байна. Энэ нь төрийн үйлчилгээний цахим шилжилтийн амжилтыг тодорхой харуулж байгаа юм.
Цаашид ч төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хүнд сурталгүй, ухаалаг болгохын төлөө Засгийн газар тууштай ажиллахаа мэдэгдсэн байна.
2 comments
Хөөх, аль хэдийн хоёр сая хэрэглэгч! Энэ нь дижитал үйлчилгээ хүмүүст үнэхээр тохиромжтой болж байгааг харуулж байна
Би цахим Монголыг байнга ашигладаг — энэ нь маш тохиромжтой, та дараалалд зогсох шаардлагагүй. Үйлчилгээ хөгжиж байгаа нь сайн хэрэг