Цахим үйлчилгээний үндэсний платформ болох E-Mongolia систем шинэ үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд “Мод бүртгүүлэх” боломжийг нээлээ. Одоо хэрэглэгчид E-Mongolia аппликейшнд нэвтэрч, “Мод бүртгүүлэх” цэсээр дамжуулан өөрсдийн өмнө болон шинээр тарьсан модыг албан ёсоор бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ ямар төрлийн модыг, хаана, хэзээ тарьсан талаарх мэдээллийг оруулах бөгөөд мөн модны зургийг хавсаргах боломжтой юм.
Энэхүү үйлчилгээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй бөгөөд мод тарих хөдөлгөөнд иргэн бүрийн оролцоог бүртгэлтэй, ил тод, бодитой болгох зорилготой. Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарина хэмээн зарласан. Үүнээс хойш сүүлийн гурван жилийн хугацаанд үндэсний хэмжээнд өргөн хүрээтэй мод тарих ажил өрнөж, ихээхэн ахиц дэвшил гарсан.
2028-2030 оны хооронд нийт 850 сая мод тарьж ургуулахаар зорьж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар 84 сая мод тарьж чаджээ. Үүний үр дүнд мод үржүүлгийн газруудын тоо, тарьц, суулгац, үрийн нөөцийн хэмжээ 5-6 дахин өссөн байна. Цаашид энэ тоог 100 сая тарьц, суулгацын түвшинд хүргэх зорилт тавиад байгаа юм.
Засгийн газар болон холбогдох байгууллагууд иргэдийг хашаа болон зуслангийн газартаа мод тарих, ургуулахыг уриалж байна. Мөн тарьсан мод бүрээ E-Mongolia системд бүртгүүлж, үндэсний статистикт хувь нэмрээ оруулахыг санал болгожээ.