2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Улаанбаатар хотын Хүүхдийн 100 орчимд гарсан зодооны хэргээр хэд хэдэн хүн яллагдагчаар татагдаад буй. Тэдний дунд УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир болон “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар багтсан юм. Тэд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдоод байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шийдвэрээр долдугаар сарын 23-нд Э.Тэмүүлэн, С.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон билээ.
Харин прокурорын байгууллагаас Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг шүүхэд гаргасныг өнгөрсөн Баасан гарагт шүүгч Ч.Алдар хэлэлцэж, 2025 оны есдүгээр сарын 23-ныг хүртэл дахин 30 хоног сунгах шийдвэр гаргажээ.
Шүүгч Ч.Алдарын тайлбарт:
“Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримт, прокурорын санал, өмгөөлөгчдийн тайлбар болон яллагдагчийн хувийн байдалтай танилцаад, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих хугацаа сунгах прокурорын санал үндэслэлтэй гэж үзлээ” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд зааснаар, яллагдагч нь хүний амь нас, эрүүл мэндэд дахин хохирол учруулах, хэргийн ул мөрийг устгах, нотлох баримтыг нуун дарагдуулах, эсхүл оргон зайлах эрсдэлтэй гэж үзвэл цагдан хорих арга хэмжээ сунгах боломжтой байдаг.
Ингэснээр уг хэрэгт холбогдсон хоёр яллагдагч дор хаяж есдүгээр сарын сүүл хүртэл хоригдохоор боллоо.