ЕХ-ны удирдагчийн онгоц газардах үед GPS доголдсон байж болзошгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ЕХ-ны удирдагчийн онгоц газардах үед GPS доголдсон байж болзошгүй

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйеныг тээвэрлэж явсан нисэх онгоц өнгөрсөн ням гарагт Болгар улсад газардах мөчид GPS навигацийн систем нь гацсан байна. Брюсселийн эрх баригчид энэ нь Оросын талаас зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагаа байх магадлалтай гэж өчигдөр мэдэгджээ.

Болгарын талаас анхны сэжгийг дэвшүүлсэн бөгөөд ослын үед онгоц чиглэлээ өөрчлөх шаардлагагүйгээр өмнөд нутгийн Пловдивын олон улсын нисэх буудалд амжилттай газардсан байна.

66 настай фон дер Ляйен өнгөрсөн долоо хоногт Орос, Беларусь хоёртой хиллэдэг Европын Холбооны зүүн жигүүрийн долоон улсад хийсэн айлчлалын хүрээнд Болгарт хүрэлцэн ирсэн юм.

“Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйенийг айлчлан ирэх үеэр онгоцны GPS навигацийн системд хиймэл дагуулаас ирэх дохио тасалдсан. Нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд агаарын удирдлагын алба газар дээрх навигацийн хэрэгсэл ашиглан өөр арга санал болгосон” гэж Болгарын Засгийн газар мэдээлжээ.

Нисгэгчид онгоцыг цаасан газрын зураг ашиглан газардуулсан байна. Ийм төрлийн GPS дохиог сарниулах аргыг Орос улс түгээмэл ашигладаг бөгөөд энэ нь онгоц хөөрөх, буух үйл ажиллагаанд ноцтой саад болдог гэж эх сурвалжууд онцолжээ. Гэсэн ч томоохон нисэх буудлууд GPS доголдсон үед ашиглах нэмэлт навигацийн төхөөрөмжтэй байдаг.

Украины дайн эхэлснээс хойш GPS системийн саатал хил залгаа орнуудад, ялангуяа Балтийн тэнгисийн орнуудад эрс нэмэгдсэн гэж тэмдэглэдэг. Өнгөрсөн онд Финландын Finnair компанийн хоёр онгоц Эстонийн Тарту хотод GPS доголдсоны улмаас газардаж чадалгүй Хельсинки рүү буцахаас өөр аргагүй болсон бөгөөд Эстонийн эрх баригчид үүнд мөн Орос улсыг буруутгаж байв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй