Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярын санаачилгаар хэрэгжиж буй “Эх оронч сурагч” хөтөлбөр энэ жил цар хүрээгээ тэлж, нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд нэгэн зэрэг хэрэгжихээр шийдвэрлэгдлээ. Уг төсөл нь өсвөр үеийнхнийг үндэсний түүх, өв соёлоо дээдэлдэг, ёс зүйтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой юм.
Өнгөрсөн хугацаанд гарсан гол үр дүнгүүдээс дурдвал:
- Нийслэлийн 64 сургуулийн 235,131 сурагч хөтөлбөрт шууд хамрагдсан;
- Сургуулиудын дэргэд 43 “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 бүтээлч арга хэмжээ зохион байгуулсан;
- Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-т давхардсан тоогоор 755 мянга орчим хүн оролцож, эерэг хандлагыг түгээсэн;
- Сурагчдын санаачилгаар 987 сайн дурын ажил өрнөж, 54 мянган сурагч Төрийн далбаа мандуулах ёслолд биечлэн оролцжээ.
Хөтөлбөрийн хүрээнд уламжлал болон зохион байгуулагддаг Төрийн далбааг мандуулах ёслолын нээлт энэ сарын 27-ны баасан гарагт болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Нийт 800 мянга гаруй багш, эцэг эх, сурагчдыг хамарсан сургалт, нөлөөллийн ажлууд нь хүүхэд залуусын дунд эх оронч үзэл, хамтын хариуцлагыг бэхжүүлэхэд бодит түлхэц болсон гэж зохион байгуулагчид дүгнэж байгаа юм.