Apple компани уламжлал ёсоор намар улиралд шинэ iPhone 17 загвараа танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд албан ёсны нээлтийн өмнө шинэчлэлүүдийн талаарх олон таамаг цацагдаж эхэллээ. Apple компанийн хувьд нээлт хүртэл бүх мэдээллийг нууцалдаг ч шинжээчид болон эх сурвалжуудын мэдээллээс хамгийн бодитой хэмээгдэж буй хувилбаруудыг хүргэж байна.
Хамгийн эхний өөрчлөлт нь хөргөлтийн шинэ системтэй холбоотой. Өндөр хүчин чадал шаарддаг тоглоом, хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшн ашиглах үед iPhone халдаг асуудлыг шийдэх зорилгоор Apple “Vapor chamber system” технологид суурилсан хөргөлтийн шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэгдэж байна.
Дараагийн таамаг бол хэт нимгэн, хөнгөн Air хувилбарын тухай. Pro загварууд зузаарч байгаа энэ үед Apple ердөө 5.5 мм зузаантай iPhone 17 Air загварыг гаргахаар болсон гэх мэдээлэл бий. Энэ нь урьд өмнө байгаагүй нимгэн, хөнгөн хийцтэй болох ч батарейн багтаамж багасаж, арын камер зөвхөн нэг дурантай байхаар яригдаж байна. Харин процессорын хувьд A19 чипийг хадгалсан хэвээр байх гэнэ.
Мөн нүүрний камерын тал дээр томоохон шинэчлэлт хийгдэх төлөвтэй. Apple сүүлийн жилүүдэд селфи камертаа том өөрчлөлт оруулаагүй бол энэ удаа 12MP-ээс 24MP болгон өсгөж, гэрэл муутай орчинд зураг авах чадварыг сайжруулах магадлалтай. Шинжээч Мин Чи Куо-ийн таамгаар дурангийн элемент таван ширхээс зургаан ширхэг болж өөрчлөгдөх боломжтой бөгөөд ингэснээр зураг авалтын чанар мэдэгдэхүйц өснө.
Шинэ загварын процессорын тухайд энгийн хувилбарууд A19 чиптэй гарах бол Pro болон Pro Max хувилбарууд илүү хүчирхэг A19 Pro чиптэй болох тухай мэдээлэл тархжээ. Энэ чип нь илүү хурдтай GPU болон 12GB RAM санах ойтой байх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Мөн харилцаа холбооны технологийн шинэчлэлд онцгойлон анхаарч байгаа бололтой. Apple энэ удаа Qualcomm-оос бүрэн хараат бус болох алхам хийж, iPhone 17 Air хувилбарт дотооддоо зохион бүтээсэн C1 модем суурилуулж болзошгүй байна. Энэ модем нь эрчим хүч хэмнэлттэй бөгөөд батарейн ажиллагааг уртасгахад дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн бүх хувилбарууд Apple-ийн бүтээсэн Wi-Fi 7 чиптэй байх боломжтой гэсэн мэдээлэл гарчээ.
Эдгээр цуурхлыг нэгтгэн дүгнэхэд iPhone 17 нь өмнөх загваруудаас илүү нимгэн хийцтэй, илүү хүчирхэг процессортой, илүү тод дүрслэлтэй селфи камертай, мөн эрчим хүчний хэрэглээг багасгасан холбооны шинэ чиптэйгээр хэрэглэгчдэд хүрэх магадлалтай байна.
2 комментария
Шинэ iPhone улам нимгэн болж байгаа нь сонирхолтой юм. Гэхдээ батарей хурдан дуусах вий гэж санаа зовж байна
Apple өөрийн C1 модем гаргана гэдэг том алхам байна. Үнэхээр Qualcomm-оос хараат бус болж чадвал илүү найдвартай болох байх