Энэтхэгийн эмч нар 20 хоногтой нярайн гэдэс дотор өсөж байсан “шимэгч ихэр” буюу хос ургийг мэс заслын аргаар амжилттай салгаснаа өчигдөр мэдээлжээ.
“Ураг доторх ураг” хэмээгддэг энэхүү ховор эмгэг дэлхий даяар 200-аас цөөн тохиолдлоор бүртгэгдсэн бөгөөд Энэтхэгт ийм хэд хэдэн тохиолдол илэрч байжээ. Энэ эмгэг нь жирэмсний эхний үе шатанд нэг ураг нөгөөгийнхөө биед шингэж, амьгүй хэдий ч агуулагч хүүхдийн шим тэжээлийг хуваалцан өсдөг онцлогтой. Энэ удаагийн тохиолдолд гурван ихрээс хоёр ураг гурав дахийнхаа хэвлийд шингэсэн байжээ.
Мэс заслыг удирдсан доктор Ананд Синха: “Ажиллагаа хүнд байсан ч хүүхдийн бие одоо сайн байгаа,” гэж хэвлэлд ярьжээ. Тэрээр нярайг нэг сарын өмнө эмнэлгээс гаргасан бөгөөд одоогоор ямар нэг хүндрэл илрээгүйг онцолж, хагалгааны дараах арчилгаа халдвараас сэргийлэхэд онцгой чухал гэдгийг сануулжээ.
2024 онд Колката хотод ижил төстэй мэс засал хийгдсэн ч гурван хоногтой нярай хагалгааны дараа нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн тохиолдолд өнгөрсөн 7-р сард Гуруграм хотын “Fortis Memorial Research Institute”-д 20 хоногтой нярайг мэс засалд оруулжээ.
Доктор Синха: “Нярайн гэдэс дүүрсэн, юу ч идэж чадахгүй байлаа. Учир нь ураг ходоодыг нь шахсан байсан,” гэж тайлбарлажээ.
Дүрст шинжилгээгээр нярайн хэвлийд хавдартай төстэй хоёр зүйл илэрсэн нь гажигтай ургууд байсан байна. Нярай шингэн болон хоол тэжээлийн дутагдалд орсон байсан тул шууд хагалгаанд оруулах боломжгүй байв. Хоёр хоногийн дараа биеийн байдал тогтворжсоны дараа 15 эмчийн баг хоёр цаг үргэлжилсэн нарийн мэс засал гүйцэтгэжээ. Ургууд нярайн элэг, бөөр, гэдэс зэрэг эрхтнүүдэд наалдсан байсан тул мэс засал онцгой хүнд байжээ.
Ийм гаж хөгжил ихэвчлэн жирэмсний үед илэрдэг ч заримдаа мэдэгдэлгүй өнгөрч, агуулагч хүүхэд насанд хүрэхэд эрүүл мэндийн асуудал болон илэрдэг байна. Ургууд хугацааны явцад өсдөг тул насанд хүрэгчдэд янз бүрийн эрүүл мэндийн хүндрэл үүсгэдэг аж.