Энэтхэгийн лигийн довтолгоог тэргүүлсэн Б.Батсуурь “SG HAWKS” багтаа эргэн ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Батсуурь

Монголын волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг болох “Ahmedabad Defenders” клубт тоглож, өндөр амжилт үзүүлж байсан. Тэрээр гурван долоо хоногийн өмнө болсон тоглолтууддаа довтолгоогоор 50 оноо авч, лигийн тэргүүлэгчдийн нэгээр нэрлэгдсэн юм.

Харин өнгөрсөн лхагва гарагт манай улсын дээд лигт болсон “SG HAWKS” болон “DARKHAN MOGULS” багуудын тоглолтод Б.Батсуурь дахин оролцжээ. Энэтхэгээс буцаж ирсэн түүнийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн “SG HAWKS” баг улирлын эхний тоглолтдоо харамсалтайгаар ялагдсан байна. Шинэ улиралд Б.Батсуурь багийн ахлагчаар үргэлжлүүлэн тоглохоор болсон гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ.

2025–2026 оны улиралд “SG HAWKS” баг Венесуэлын тамирчин Ivan Fernández-ийг багтаа авч, бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлсэн байна. Мөн Японы дасгалжуулагч Кожи Цүзүрабара энэ улиралд багийг удирдахаар болсон нь анхаарал татаж байна.

Дээд лигийн шинэ улирал саяхан эхэлсэн бөгөөд албан ёсны нээлт энэ сарын 8-нд болно. Нээлтийн эхний тоглолтод “Ховд ижил Алтай” болон “Khuvsgul Seven Stars” багууд өрсөлдөнө. Үүний дараа 16:00 цагт нээлтийн арга хэмжээ үргэлжилж, 17:30 цагт “Төв Миг” болон “MegaStars” багуудын тоглолт явагдах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй