“Air India” компанийн “Boeing 787-8 Dreamliner” загварын зорчигч тээврийн онгоц Энэтхэгийн баруун хэсэгт орших Ахмедабад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон талаар мэдээлэл бүртгэгдээд байна. Уг нислэг орон нутгийн цагаар 13:38-д Их Британийн Лондон хотын Гатвик нисэх онгоцны буудал руу хөөрсөн байжээ.
Нислэгийн хянагчдын мэдээлснээр онгоц хамгийн сүүлд 190 метрийн өндрөөс дохио илгээсэн бөгөөд түүнээс хойш холбоо тасарсан байна.
Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн газрын дарга Файз Ахмед Кидвайн мэдээлснээр ослын үеэр онгоцонд нийт 244 хүн байжээ. Үүнээс 232 нь зорчигч, 12 нь хөлгийн багийн ажилтнууд байсан бөгөөд хүний амь нас хохирсон эсэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой бус хэвээр байна.
Ослын улмаас Ахмедабадын нисэх буудлын бүх үйл ажиллагаа түр хугацаанд бүрэн зогсоогдсон тухай эрх баригчид мэдээллээ. Албаныхан онгоцны ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор газар дээр нь ажиллаж байна.