Энэтхэгт нас барсанд тооцогдсон эмэгтэй нөхрийнхөө ачаар амилжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Энэтхэгт нас барсанд тооцогдсон эмэгтэй нөхрийнхөө ачаар амилжээ

Энэтхэгийн 33 настай Комал Жамвар хэмээх эмэгтэйг эмч нар нас барсан гэж албан ёсоор зарласан ч бууж өгөөгүй нөхрийнхөө ачаар амьд үлджээ. Цахилгаанчин мэргэжилтэй түүний нөхөр эмнэлэгт эхнэрээ 35 минутын турш амьдруулахыг оролдон, хиймэл амьсгал хийсний эцэст эхнэр нь гэнэт өөрөө амьсгалж эхэлсэн байна. Энэхүү гайхамшигт түүхийн талаар Times of India сонин мэдээлснийг Medee.news дамжууллаа.

Комалын хэлснээр, бүх зүйл хөл нь мэдээгүй болохоос эхэлсэн бөгөөд эмч нар үүнийг анхандаа булчингийн таталт гэж оношилжээ. Гэвч биеийн байдал нь маш хурдан муудаж, удалгүй түүнийг саажилт үүсгэдэг ховор төрлийн “Гийен-Барре” (Guillain-Barré) хэмээх аутоиммун хам шинжтэй болохыг тогтоосон байна. Эмчилгээнд нь өндөр өртөгтэй тариа шаардлагатай байсан тул гэр бүл нь хамаг мөнгөө шавхан хийлгэсэн боловч тарианы дараа Комалын бүх бие нь саажиж, улмаар амьсгал нь зогсчээ.

Эмч нар түүнийг нас барсан гэж үзээд ар гэрийнхэнд нь цогцсыг авч явахыг тушаасан байна. Гэвч Мата Вайшно Деви сүмийн цахилгаанчин нөхөр нь үүнд итгэхийг хүссэнгүй. Тэрээр эхнэртээ зогсолтгүй 35 минутын турш хиймэл амьсгал хийсэн бөгөөд удалгүй ар гэрийнхэн нь Комалыг дахин амьсгалж эхлэхийг сонсжээ.

Эмэгтэйг өөр эмнэлэгт яаралтай хүргэхэд өмнөх эмчилгээ нь буруу байсан төдийгүй түүнийг үхэлд хүргэх дөхсөн болох нь тогтоогдсон байна. Комал есөн сар орчим бүрэн саажилттай, хэвтэрт байсан ч нөхөр, хадам ээж болон физик эмчилгээний эмчийн өдөр тутмын асаргааны ачаар 4-5 жилийн дараа хөл дээрээ дахин босож чаджээ.

Өдгөө Комал эрүүл саруул, бие даан хөдөлж, аз жаргалтай амьдарч байна. Тэрээр гэр бүлийн хайр халамж, хүүхдүүдээ өсгөх гэсэн чин хүсэл нь түүнийг үхлээс аварсан гэдгийг онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээгээрэй