Энрике Иглесиасыг Казахстанд болох тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчдээ үнсэхийг хориглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Энрике Иглесиас

Испанийн нэрт дуучин Энрике Иглесиасыг Казахстан улсад болох тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгч бүсгүйчүүдээ үнсэхийг хориглохоор болжээ. Энэ тухай тус улсын Соёл, мэдээллийн дэд сайд Канат Искаковын мэдэгдлээс иш татан Nur суваг мэдээллээ.

“Манай улсын хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдэл гаргуулахгүйн тулд бид холбогдох хүмүүстэй заавал ярилцах болно” гэж Искаков мэдэгдсэн байна. Тэрээр тайлбарлахдаа, уран бүтээлч шүтэн бишрэгчээ тайзан дээр урьж үнсэх нь Казахстаны ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байгаа ажээ.

Өмнө нь буюу 2022 оны 9 дүгээр сард Энрике Иглесиас Лас-Вегаст болсон тоглолтынхоо үеэр нэгэн шүтэн бишрэгч бүсгүйгээ халуунаар үнсэж буй бичлэгээ цахим орчинд нийтэлж, нэлээдгүй шүүмжлэлд өртөж байсан юм. Түүнийг дагагчид нь гэрт нь хайрт эхнэр, Оросын алдарт теннисчин Анна Курникова болон хүүхдүүд нь хүлээж байхад ийм үйлдэл гаргах нь гэр бүлийн тэргүүн хүнд байж боломгүй, зохисгүй хэрэг хэмээн буруутгаж байв.

Теннисчин бүсгүй өмнөх тохиолдлуудын адил Энрике болон түүний шүтэн бишрэгчдийн хооронд болсон энэхүү үйл явдалд ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Курникова, Иглесиас нар 2001 онд дуучны “Escape” дууны клипний зураг авалтын үеэр танилцсанаас хойш 20 гаруй жил хамт амьдарч байгаа ч одоог хүртэл гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байгаа билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй