Олон улсын судлаачдын баг Индонезийн Сулавеси арлаас хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хадны урлагийн бүтээл болох 67.8 мянган жилийн настай гарын дардас олсон байна.
Энэ талаар “Science Daily” сэтгүүлд мэдээлжээ. Сулавеси арлын шохойн чулуун агуйгаас олдсон уг өвөрмөц олдвор нь наад зах нь 67.8 мянган жилийн өмнөх үед хамаарах бөгөөд энэ нь тус бүс нутгаас өмнө нь олдож байсан олдворуудаас хэдэн мянган жилээр эрт, дэлхийн хамгийн эртний баттай тодорхойлогдсон хадны зураг болж байна.
Эрдэмтэд зургийн насжилтыг тогтоохдоо уран-цуврал (uranium-series dating) тодорхойлох аргыг ашиглан, зургийн дээр болон доор үүссэн эрдэс давхаргуудад шинжилгээ хийжээ. Энэ нь зургийг бүтээсэн цаг хугацааг нарийн тогтоож, эртнийх болохыг нь батлах боломжийг олгосон байна.
Сонирхолтой нь, уг дүрсийг анх бүтээсэний дараа зарим хэсгийг нь өөрчилсөн байжээ. Тухайлбал, хурууны зурааснуудыг нарийсгаж, гарын дардасыг амьтны хумс мэт харагдуулахаар зассан байв. Эрдэмтэд иймэрхүү өөрчлөлт нь ямар нэгэн бэлгэдлийн шинж чанартай байсан байж магадгүй гэж үзэж байгаа ч яг юу илэрхийлж буй нь тодорхойгүй хэвээр байна.
Судлаачдын үзэж буйгаар, энэхүү олдвор нь эртний хүмүүсийн дунд бэлгэдлийн сэтгэлгээ болон магадгүй шүтлэг бишрэлийн хэлбэр эрт үүссэнийг харуулж байгаа аж. Мөн энэ нь “Homo sapiens”-ийн шилжилт хөдөлгөөний талаарх шинэ баримт болж, орчин үеийн хүний өвөг дээдэс Австрали болон Шинэ Гвинейн бүс нутагт (эртний Сахул супертив) дор хаяж 65 мянган жилийн өмнө хүрсэн гэх таамгийг баталж байна.
Сулавеси агуйд зураг зурж үлдээсэн хүмүүс нь хожим Австрали руу нүүдэллэн суурьшсан хүн амын нэг хэсэг байсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Энэ нь Зүүн Өмнөд Азийн арлуудаар дамжин өнгөрсөн нүүдлийн хойд чиглэлийн онолыг улам бататгаж байна.
Мэргэжилтнүүд энэхүү нээлт нь хүний урлагийн анхны үйл ажиллагааг илүү сайн ойлгоход туслахаас гадна урлаг гэдэг зүйл өмнө нь төсөөлж байснаас хавьгүй эрт үүссэнийг баталж буйг онцолжээ.