Оксфордын их сургуулийн Британийн судлаачид хүний биед нойр хэрхэн өдөөгдөж, бид яагаад унтах хэрэгцээг мэдэрдэг шалтгааныг эсийн түвшинд анх удаа нарийвчлан тогтоожээ. Энэхүү судалгаа нь олон арван жилийн турш хариултгүй байсан асуултад шинэ хандлага авчирч байна.
Судалгааны үр дүнгээс харахад, бие махбодид амрах дохиог митохондри буюу эсийн энерги үйлдвэрлэгч элементүүд өгдөг байна. Эдгээр жижиг бүтэц нь нойрыг зохицуулдаг тархины тодорхой мэдрэлийн эсүүдэд бодисын солилцооны хэт ачаалал үүсгэх замаар нойрны механизмыг эхлүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, тархи өдрийн төгсгөлд хэт ачаалалд орж, эрүүл байдлыг хангахын тулд заавал унтаж амрах хэрэгцээ үүсдэг. Хэрэв нойр дутмаг байвал төвлөрөл суларч, мэдрэлийн үйл ажиллагаа буурч эхэлдэг байна.
Судалгааг ахалсан физиологич Херо Мизенбек:
“Бид яагаад унтах ёстой вэ гэдгийг мэдрэх, ойлгохыг зорьсон. Өмнө нь хэн ч нойрыг идэвхжүүлдэг физик шалтгааныг тодорхойлж чадаагүй байсан. Харин бидний илрүүлсэн хариулт нь бие махбодийг эрчим хүчээр хангадаг аэробик бодисын солилцоонд оршиж байна” хэмээн онцолжээ.
Судалгааны явцад тэд жимсний ялааны нойрыг хянадаг мэдрэлийн эсүүдийг судалсан бөгөөд энэ нь хүний тархины үйл ажиллагаатай биологийн хувьд маш төстэй юм. Нойр дутуу, мөн бүтэн амарч унтсан шавжнуудын генийн идэвхжил болон цахилгаан дохионы ялгааг нарийвчлан харьцуулж үзжээ.
Эрдэмтэд нойрны үед митохондрийн хэт ачааллаас үүдэлтэй илүүдэл электронууд алдагдаж, хортой молекулууд үүсдэг болохыг тогтоосон. Үүнийг нойрыг зохицуулагч мэдрэлийн эсүүд “анзаарч”, хариу үйлдэл үзүүлэн, биед нойр хэрэгтэй гэсэн дохиог илгээдэг байна. Ингэснээр тархи болон биеийн бусад системийг амрааж, хамгаалах горим ажиллаж эхэлдэг аж.
Нейробиологич Раффаэле Сарнатаро:
“Та митохондри хэт олон электрон алдаж болохгүй. Үүний үр дүнд реактив молекулууд бий болж, эсийг гэмтээдэг” гэж тайлбарласан байна.
Түүнчлэн, судалгаанд генийн инженерчлэлээр илүү олон электрон үүсгэх чадвартай ялаа бүтээж, эдгээр ялаанууд илүү их унтдаг болохыг ажигласан. Харин бага электрон бүхий ялаануудын хувьд унтах хэмжээ мэдэгдэхүйц багасч байжээ.
Нойрт нөлөөлдөг хүчин зүйлсийн дотор циркадийн хэмнэл, дотоод зан үйл, нас, хүйс зэрэг олон нөлөө байдаг ч судлаачдын гол анхаарлыг татсан зүйл бол нойрыг шууд удирддаг эсийн дотоод үйл ажиллагаа байв. Энэхүү судалгаа нь нойргүйдэл болон Альцгеймерийн өвчин зэрэг мэдрэлийн эмгэгүүдийг ойлгох, эмчлэх шинэ гарц нээж магадгүй гэж үзэж байна. Мөн бодисын солилцоо, амьдралын хугацаа, нойрны холбоо ч энэ судалгаагаар шинэ өнгө төрхтэйгөөр ил болжээ. Жижиг амьтад илүү их унтаж, богино насалдаг нь митохондрийн хэт ачаалалтай ч холбоотой байж болох юм.