Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК идэвхтэй нэгдэж, гурван бүс нутагт нийт 180 сая мод тарьж ургуулах зорилго бүхий “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тус компани эхний техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ батлуулж, төрийн цэргийн байгууллагууд болон гэрээт гүйцэтгэгчидтэй хамтран ажиллаж байгаа юм.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинээр байгуулагдах Хархорум хотын 2025 оны экологийн төлөвлөгөөнд 1.1 сая мод тарихаар тусгагдсан бөгөөд үүний 30 хувийг буюу 300 мянган модыг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа тарихаар болсон. Тус ажлын гүйцэтгэгчээр Хил хамгаалах байгууллагын ойжуулалтын чиг үүрэг бүхий 0133 дугаар тусгай салбар оролцож, мод тарих ажлыг манлайлан гүйцэтгэж байна.
Тодруулбал, компанид оногдсон 410 га талбайд 90 мянган шилмүүст болон 210 мянган навчит мод тарьж ургуулах бөгөөд 2025 оны хаврын тариалалтаар 154 мянган мод аль хэдийн суулгаад байна. Энэхүү ажил зөвхөн байгаль хамгаалах төдийгүй шинээр байгуулагдаж буй Хархорум хотын байгаль орчны тогтвортой хөгжлийн үндэс суурийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 19 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн хүрээнд олон аймаг, сумдын газар нутгийг ойжуулж, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгээд байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 77.5 га талбайд “Ногоон зам” төсөл хэрэгжүүлж, мөн Номгон, Цогт-Овоо, Манлай сумдад 50 га талбайг хамарсан ойжуулалт хийжээ. Түүнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 150 га газарт “Заг” төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын ногоон бүсэд 35 га талбайд шилмүүст мод тарьсан байна.
2022-2024 оны хооронд тус компани нийт 343 га талбайд 2.5 сая мод тарьж, арчилгаа, хамгаалалтын ажлыг бүрэн хэмжээнд гүйцэтгэсэн нь байгаль орчны нөхөн сэргээлт болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд оруулж буй томоохон хувь нэмэр болж байна.
