“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цанхийн уурхайд 2025 оны дөрөвдүгээр сард аюул дагуулах ноцтой осол гарсан байна. Осол нь тус уурхайн гэрээт компани болох “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн жолооч согтуугаар тэсрэх бодис тээвэрлэж яваад автомашинаа онхолдуулснаас үүдэлтэй байжээ.
Уг жолоочийн унаж явсан машин нь 20 гаруй тонн тэсрэх бодис тээвэрлэж байсан бөгөөд, урьдчилсан байдлаар согтуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдоод байгаа юм. Аз болоход хүний амь эрсдээгүй ч, хэрэв дэлбэрэлт болсон бол уурхайн бүс нутаг болон Цогтцэций сумын оршин суугчдад ноцтой хохирол учрах байсан нөхцөл бүрджээ. Цагдаагийн байгууллага дээрх үйл явдлыг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Ослын дараахан “Эрдэнэс Тавантолгой” ХК “Цанхийн зүүн уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тендер”-ийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд энэхүү тендерт “Спэйшл Майнинг Сервис” ХХК шалгарахын тулд уг ослын мэдээллийг нуун дарагдуулсан төдийгүй, тендерийн баримт бичгээс тэсрэх бодис тээвэрлэх жолоочид тавигдах хууль ёсны шаардлагуудыг хасуулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Тус компани нь улс төрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшилд байдаг гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд “Молекул” хочоор танигдсан Батж.Батбаярын хүүгийн эзэмшдэг аж. Үүний улмаас тендерийн шударга байдал, аюулгүй ажиллагааны стандартын зөрчил, нөлөө бүхий этгээдүүдийн оролцооны асуудал хөндөгдөж эхэлжээ.