«Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ-ын «Эрдэнэт медикал» төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжүүлж, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо.
Тус төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
«Эрдэнэт медикал» эмнэлэг нь амбулатори, дүрс оношилгоо, мэс засал, хэвтүүлэн эмчлэх, лаборатори болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн чиглэлээр иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тус эмнэлгийн үйлчлүүлэгчдийн 20%-ийг Улаанбаатар хот, хангайн бүс, хойд бүс болон Ховд, Дорнод, Дундговь, Өмнөговь, Завхан, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь аймгийн иргэд эзэлж, 80%-ийг Орхон аймгийн иргэд эзэлж байна.
2022-2025 онд нийт 3551 хүн хэвтэн эмчлүүлж, 2210 хүн өдрийн эмчилгээ, үйлчилгээ авчээ. Амбулаториор 147,776 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.