Home УлстөрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хүү маань хайртай бүсгүйдээ 17 сая төгрөгийн үнэтэй бөгж өгсөн нь үнэн”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хүү маань хайртай бүсгүйдээ 17 сая төгрөгийн үнэтэй бөгж өгсөн нь үнэн”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Оюун-Эрдэнэ

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж буй энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүтэй нь холбоотой сүүлийн үед олон нийтийн дунд дэгдээд буй мэдээлэлд тайлбар өглөө.

Тэрбээр өнгөрсөн сарын 14-нд Гашуунсухайт-Ганцмод боомтын нээлттэй давхцан ийнхүү сөрөг мэдээлэл тарсан тухай дурдаад, тэр өдөртөө Авлигатай тэмцэх газарт бүх холбогдох материалыг бүрдүүлж өгсөн гэдгээ онцолсон юм. Түүний хэлснээр, хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэн орлого, зардлыг нотлох үүрэгтэй бөгөөд бүх материал хуулийн дагуу шалгагдаж байгаа аж.

Ерөнхий сайд хүүтэйгээ уулзаж, нөхцөл байдлыг тодруулсан бөгөөд хүү нь 23 настай, бие даасан насанд хүрсэн иргэн болохыг онцолсон. Тэрээр хүү нь нэгэн бүсгүйд хайртай болж, тухайн бүсгүй жирэмсэн болсон тул 17 сая төгрөгийн үнэтэй бөгж болон 500 мянган төгрөгийн үнэтэй бугуйвч бэлэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Эдгээр эд зүйлийн худалдан авсан дэлгүүр болон баримтуудыг ч Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн гэдгийг тодотгов. Мөн олон нийтийн сүлжээнд түгсэн үнэтэй автомашинтай холбоотой мэдээллийг “худал” гэж үзсэн бөгөөд тэрхүү автомашин Монголд цөөн тоогоор байдаг, түүний хүүтэй холбоогүй болохыг хэлсэн.

Тэрээр 23 настай хүүтэйгээ ойр дотно байж, цаг гаргаж чадаагүйгээ аав хүний хувьд алдаа гэж үзэж буйгаа хэлсэн ч тухайн насны залуу бие даан амьдралаа зохиох эрхтэй болохыг сануулсан юм. Өөрийн хүүг зураг авах, контент бүтээх сонирхолтой залуу гэдгийг онцлоод, цаашид уран бүтээлчийн чиглэлээр явах болно гэж үзэж байгаагаа хэллээ.

Түүнчлэн Ерөнхий сайд өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж, хэрвээ ийм эргэлзээтэй байсан бол олон нийтийн жагсаал, улс төрийн халуун сэдвүүд рүү зоригтой орж чадахгүй байсан хэмээсэн. Харин одоо бол асуудлыг хууль журмын дагуу шалгуулж, үнэн зөв нь тодорхой болох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.