Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардан эхэлсэн “Огцрох амархан” нэртэй тайван жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаал өнөөдөр 14:00 цагт эхэлж, орой 20:00 цагт өндөрлөхөөр төлөвлөгдсөн байна.
Жагсаалын гол зорилго нь Ерөнхий сайдыг улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж буйд оршиж байгаа бөгөөд түүний өөрийн санаачилгаар албан тушаалаасаа буухгүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1-д заасан УИХ-ын эрх мэдлийн хүрээнд огцруулах санал гаргаж, гишүүд гарын үсэг зурах ёстой гэж жагсагчид үзэж байна. Энэ дагуу жагсаал зохион байгуулагчид шаардлагаа УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна.
Жагсагчдын дэвшүүлж буй гол шаардлагууд нь:
– Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа сайн дураар огцрох
– Шинэ Засгийн газрыг эвслийн хэлбэрээр байгуулахыг эсэргүүцэх
– Үндсэн хуулийн тогтвортой байдал, эрх зүйн тогтолцоог хадгалахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх
Эдгээр шаардлагуудыг тэд ардчилсан засаглал, иргэний оролцоог бэхжүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа бөгөөд жагсаал нийтдээ тайван байдлаар явагдаж байгаа юм.