2025 оны зургаадугаар сарын 10-ны Мягмар гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “Улсын Их Хурлын тухай” болон “УИХ-ын Дэгийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Энэхүү хуулийн төсөл нь УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл бүхий гишүүд болох Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Б.Энхбаяр нарын санаачилгаар боловсруулагдсан юм.
Хууль санаачлагчдын тайлбарласнаар Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд Үндсэн хуулийн 38.1-д заасны дагуу Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага юм. Ерөнхий сайд УИХ-аас томилогдон, УИХ-ын хяналтад ажиллах нь парламентын засаглалын суурь зарчим гэдгийг онцолсон байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэхүү өөрчлөлтийн зорилгыг тайлбарлахдаа:
“Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэх ойлголт, хуулийн зохицуулалт одоо УИХ-ын Дэгийн тухай хуульд бий. Ерөнхий сайд өөрийн хүссэн мэдээллээ УИХ-д оруулдаг, тэр нь Засгийн газрын Пи-Ар-ын цаг болдог, УИХ сонирхож, үр дүнтэй хэлэлцэж чаддаггүй «мухар олгой» шиг ач холбогдол, үүрэг үгүй процесс.
Парламент бол мэтгэлцдэг, иргэдийн мэдэх эрхийг хангадаг, ул суурьтай шийдэл яриа өрнөдөг газар байх ёстой. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийн цагийг «УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ” болгон өөрчилж гишүүд асууж, Ерөнхий сайд асуултад хариулдаг, иргэд Засгийн газрын нууж, бултуулж буй мэдээлэл, бодит байдлыг мэдэх эрхтэй болдог парламентын ардчиллын тэр жишиг рүү нь очуулах хууль өргөн барьсан нь энэ” хэмээлээ.
Хуулийн төслөөр “Ерөнхий сайдын мэдээллийн цаг” хэмээх нэр томьёог “Улсын Их Хурлын асуулгын цаг” болгон өөрчилснөөр, гишүүдийн асуултад Ерөнхий сайд шууд хариулах хэлбэрт шилжүүлж, ард түмний өмнө ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилготой байна.
1 comment
Сонирхолтой санаа — илүү ил тод байдал байх болно