Table of Contents
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг “ялаа” хэмээн доромжилсон үг, хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээтэй холбоотой шүүмжлэлүүдийн улмаас олны эсэргүүцэлтэй тулгарч, Төрийн ордны гадна эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Үүний зэрэгцээ ордны дотор улс төрийн нөхцөл байдал хурцадмал байна.
МАН-ын бүлгийн гишүүдийн дунд Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрох ёстой гэсэн байр суурь давамгайлж эхэлжээ. Зарим гишүүд Оюун-Эрдэнийн хувийн асуудлыг намын төв байгууллагаар хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “МАН эрх барьж буй намын хувиар ялсан бол Засгийн газраа өөрөө бүрдүүлээд яв” гэсэн шаардлага тавьсан байна.
Ерөнхий сайдын эсэргүүцэл
Одоогийн байдлаар Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрох бодолгүй байгаа бөгөөд үүний оронд АН болон ХҮН намаас томилогдсон сайд нарыг танхимаас явуулах замаар хямралыг намжаах санал гаргасан гэх мэдээлэл байна.
Гэвч энэ нь бүрэн эрхийн хугацаанд өөрийн танхимыг авч үлдэх боломжийг баталгаажуулж чадахгүй бөгөөд:
- Сайд нарын тал хувь огцрох өргөдлөө өгвөл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл бүрдэнэ
- УИХ-ын нийт гишүүдийн энгийн олонх буюу 64 гишүүн санал өгвөл Ерөнхий сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх боломжтой
Шүүмжлэл ба ашиг сонирхлын зөрчил
Л.Оюун-Эрдэнэ “Херо энтертаймент” компанийг хувьдаа эзэмшдэгээ өөрийн амаар хүлээн зөвшөөрсөн. Тус компани нь МАН-ын сонгуулийн сурталчилгаа болон төрийн төсвийн хөрөнгөөр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд оролцсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм. Мөн түүнийг авлигын шинжтэй үйл ажиллагаанд нэр холбогдсон хэмээн намын гишүүд ч буруутгаж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн хатуухан дохио
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуурай дүү, итгэл хүлээлгэсэн Л.Оюун-Эрдэнэд ажлаа өгөхийг шаардсан байна. Улстөрийн нөхцөл байдал ийнхүү эгзэгтэй эргэлтэд ирж, олон нийт дараагийн үйл явцыг анхааралтай ажиглаж байна.