Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн амьдралд өөрийн хатуу байр суурь, шийдэмгий зангаараа тодорсон нэгэн. Түүний улс төрийн карьерын оргил нь Ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн явдал байв. Харин сүүлийн үед олон нийтийн дунд түүнийг дахин нэр дэвших гэж байна гэсэн мэдээлэл олширч, цуурхал болон тархаад байсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас албан ёсоор мэдэгдэл хийжээ.
ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаас гаргасан тайлбарт “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зорьж байна” гэх мэдээлэл ташаа бөгөөд ийм төрлийн улс төржилт цахим сүлжээгээр зохион байгуулалттай тарж байгааг анхааруулсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурь нь хэвээр байгааг онцлон, дахин нэр дэвшихгүй гэдгээ ийн албан ёсоор баталгаажуулжээ.
2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 30 дугаар зүйлийн 2-т: “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж тусгасан. Үүний дагуу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга нэр дэвших эрхгүй болж, У.Хүрэлсүх сонгогдсон юм.
Тиймээс Үндсэн хуулийн дээрх заалтыг өөрчлөхгүй нөхцөлд Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй бөгөөд У.Хүрэлсүх өөрөө ч үүнийг өөрчлөх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү Монгол Улсад нэг удаа зургаан жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь ойртож байна.
Харин одоо төр, засгийн түвшинд яаралтай авч хэлэлцэх шаардлагатай асуудлын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш уг хуулийг шинэчлэн найруулаагүй хэвээр байгаа бөгөөд одоогоор 1993 оны анхны хувилбараар Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа явагдаж байгаа. 2024 оны гуравдугаар сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Үндсэн хуульд нийцүүлэн Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэдгийг онцолж байсан ч тухайн хэлэлцүүлэг үргэлжлэлгүй замхарсан.
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой зарим хязгаарлалтыг оруулсан байдаг. Тухайлбал, өмнө нь Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй гэж заасан байсан бол 2019 оны өөрчлөлтөөр уг эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж тодотгожээ. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болох тухай заалт Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд орсон.
Эдгээр өөрчлөлтүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгагдаж, төрийн тэргүүний эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг тодорхой болгосноор төрийн үйл ажиллагаа илүү шударга, хариуцлагатай болох суурь тавигдана хэмээн хууль тогтоогчид үзэж байна.