Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар 2025 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд явагдаж байна.
Ерөнхийлөгчийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудалд Энэтхэгийн Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар хүндэтгэн угтав.
Угтах ёслолын үеэр хоёр орны төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэт харуулд хүндэтгэл үзүүлсний дараа уг ёслолд оролцсон Энэтхэг болон Монголын төлөөлөгчидтэй мэндчилсэн байна.
Тус айлчлал нь Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Мөн айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум зохион байгуулагдаж, “Монголын сайхан орон” сэдэвт урлагийн тоглолт, гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн түүхтэй.