Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн өндөр шагнал гардууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ерөнхийлөгч энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад төрийн одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийг сахиулагчдын 14 дүгээр ээлжийн цэргийн баг”-ийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд шагнал хүртээж, тэдний эр зориг, хичээл зүтгэлийг үнэлсэн байна.

Төрийн тэргүүн энхийг сахиулагчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө ур чадвар, тэсвэр хатуужил, эр зориг гарган үүргээ нэр төртэй биелүүлсэнд төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээн хэллээ.

Энхийг сахиулагчдын үүрэг, гавьяа

Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд өнгөрсөн нэг жилийн хугацаанд энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилчдыг хамгаалах, хүмүүнлэгийн байгууллагын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг амжилттай биелүүлжээ.

Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр болон тавдугаар сард Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр тэд 1,500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч, 800 орчим дүрвэгчийг аюулгүй байршилд хүргэсэн байна.

image 6

Төрийн шагнал хүртсэн алба хаагчид

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Хурандаа Д.Эрдэнэбилэг — Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны ахлах офицер
  • Дэд хурандаа Н.Шинэбаяр — Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн судалгааны ахлах офицер

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Дэд хурандаа Ч.Батчулуун — Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ерөнхий инженер
  • Тэргүүн ахлагч Т.Сандагдорж — Тусгай хүчний цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төвийн дарга

Цэргийн хүндэт медалиар:

  • Хошууч М.Бат-Эрдэнэ — Батлан хамгаалах удирдлагын академийн багш
  • Ахмад С.Баасандорж — Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн инженер
  • Тэргүүн ахлагч Б.Баднаанямбуу — Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн тэргүүн ахлагч

Энхийн төлөө медалиар:

  • Дэд ахлагч С.Баасанхорол — Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн ариутгагч
  • Ахлагч Б.Болорчимэг — Хилийн цэргийн 303 дугаар ангийн холбоочин
  • Ахлах ахлагч Д.Төрсүлд — Нийслэлийн Онцгой байдлын газрын аврагч
    мөн нийт 437 алба хаагч шагнагдлаа.

Монголын энхийг сахиулагчдын нэр хүнд

Одоогоор дэлхийн 121 орноос НҮБ-д цэрэг хандивлагчдын дунд Монгол Улс эмэгтэй энхийг сахиулагчдын 14.2 хувийн оролцоогоор 19 дүгээрт жагсаж байна.

Мөн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд анх удаа монгол генерал цэргийн хүчний командлагчаар томилогдон ажиллаж буй нь түүхэн үйл явдал болжээ.

Монгол Улс 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагчаа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор 22 мянга гаруй цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, дэлхийн энхийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй