Home Эрүүл мэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Солонгосын 18 төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байна”

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Солонгосын 18 төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байна”

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Т.Мөнхсайхан- Солонгосоос импортолж байгаа 18 нэр төрлийн эмийг 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн үнийн асуудалд хийсэн хяналт, үр дүн, цаашдын арга хэмжээний талаар тайлан танилцууллаа.

Тэрбээр “Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр иргэдийг хангах зорилгоор бид 2024 оны есдүгээр сараас эхлэн ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн, эмийн хатуу зохицуулалттай улс орнуудын үйлдвэрлэгчидтэй шууд хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг импортолж эхэлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг оруулж ирсэн. Үүнээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь ижил төрлийн эмүүдээс 30-90 хувиар хямд үнэтэй байна” хэмээн онцоллоо.

Сайд нэмж хэлэхдээ Швейцар, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэгчидтэй ч хэлцэл хийж байгааг дуулгав.

Хурлын үеэр гишүүд чухал асуудлууд хөндөв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: “Эм, хүнсний хяналтыг Эрүүл мэндийн яамнаас тусад нь гаргаж, бие даасан статустай агентлагтай болох шаардлага байна. Жилд 170 мянган гэмтлийн тохиолдол бүртгэгдэж, 800 гаруй иргэн спиртэд хордон нас барж байгаа нь хяналтын тогтолцоо сул байгааг харуулж байна” гэж хэллээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Манай улсад эмийн зохицуулалт жигдэрч чадаагүй. Эмийн агентлаг зөвхөн хянахаас гадна зохицуулалт хийх үүрэгтэй. Өнөөдрийн нөхцөл байдалд эм, хүнсийг нэг агентлагаар зохицуулах нь тохиромжгүй. Эм, хүнсний агентлагийг тусад нь байгуулах нь зүйтэй” гэж хариулав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн түр хорооны ажлыг ахалж ажилласнаа дурдаад: “Монгол Фарм компанийн үүсгэн байгуулагчийг эмийн бодлого хариуцсан албан тушаалд томилсон байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал бөгөөд тендер зарлалгүйгээр нэр дурдсан компаниас эм авах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн хэрэг” гэв.

Сайд Т.Мөнхсайхан: “Эмийн салбар бараг бүхэлдээ хувийн хэвшлийнх. Чадвартай боловсон хүчин нь ч хувийн хэвшилд ажиллаж байсан. Тиймээс бид тухайн хүнийг хууль ёсоор томилсон. Солонгосын үйлдвэрүүдтэй хэлцэл хийж, хямд үнэтэй, чанартайг нь сонгож авсан. Хууль зөрчөөгүй. Сонгон шалгаруулалт тендерээр явагдсан. Үр дүн нь харагдаж эхэлсэн. Жишээ нь, өмнө нь сарын 60 мянган төгрөгөөр авдаг байсан чихрийн шижингийн эмийг одоо 6600 төгрөгөөр, цус шингэлэх эмийг 60-70 мянгаар авдаг байсныг 6-7 мянгаар авах боломжтой болсон. Бид энэ бодлогыг 2026 оны эцэс гэхэд бүх эмэнд хэрэгжүүлэх зорилготой” гэлээ.

You may also like

2 comments

Уруудай 4 сар 23, 2025 - 11:53 am

Маш сайн санаачилга! Энэ нь олон хүмүүст эмээ хэмнэхэд үнэхээр тусална

Reply
Урек 4 сар 23, 2025 - 12:39 pm

Эдгээр хөнгөлөлтүүд түр зуур биш, мөнхөд хүрнэ гэж найдаж байна

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.