Эверестийн оргил (8 848.86 метр)-д авиралт хийж буй уулчид одооноос эхлэн хоёрдугаар баазаас (6 400 – 6 750 метр) дээшхи бүсээс дор хаяж 2 кг хог хаягдлыг буцааж авчрах шаардлагатай боллоо. Непалын эрх баригчид дэлхийн хамгийн өндөр цэг дэх хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ийнхүү журмаа чангатгаж байна.
The Himalayan Times сонины мэдээлснээр, Сагарматхагийн бохирдолд хяналт тавих хороо (SPCC) уулчдыг “экспедицээ дуусгаад Эверестийн үндсэн бааз дээр 8 кг хог тушаах үүрэгтэй” байдгийг сануулжээ. Харин шинэ журмын дагуу оргилд ойртох туйлын өндөр бүсээс нэмэлт 2 кг хогийг заавал цуглуулах ёстой болж байгаа юм.
Уг журмын хэрэгжилтэд SPCC-ийн ажилтнууд хоёрдугаар бааз дээр хяналт тавьж ажиллана. Тус хорооны ерөнхий захирал Церинг Шерпа мөн “Энэ улирлаас эхлэн экспедицийн оролцогчид биологийн хаягдлын (экскремент) өөрсдийн уутыг ашиглахыг хориглож, зөвхөн SPCC болон орон нутгийн захиргаанаас олгосон тусгай уутыг хэрэглэх ёстой” хэмээн мэдэгдлээ.
Энэхүү арга хэмжээ нь уулчид хог хаягдлаа уулан дээр үлдээдэг зуршлыг таслан зогсоох зорилготой аж. “Албан ёсны уутнуудыг бүртгэлжүүлэх бөгөөд уулчид авиралтаас буцаж ирэхдээ тэдгээрийг заавал хураалгана” гэж Церинг Шерпа нэмж онцолсон байна.