Энэ сарын 21-нд Испанийн Билбао хот Европын хөлбөмбөгийн улирлын онцлох тоглолтын нэгийг зохион байгуулах гэж байна. Европа лигийн аваргын төлөөх шигшээ тоглолтод Английн хоёр баг болох “Тоттенхэм” болон “Манчестер Юнайтед” тунаж үлджээ.
“Тоттенхэм” клуб хагас шигшээд Норвегийн “Будё-Глимт” багтай хийсэн хариу тоглолтдоо 2:0-ээр ялалт байгуулсан бөгөөд нийт дүнгээр 5:1-ээр илүүрхсэн юм. Грек мэргэжилтэн Анже Постекоглугийн удирдлага дор тус баг финалд шалгарах нь улиралд ажлаа хадгалах гол боломж болон үлдэж байна. Энэ нь “Тоттенхэм”-ийн Европын цомын финалд зургаа дахь удаагаа шалгарч буй тохиолдол юм. Тус баг өмнө нь 1963 онд “Атлетико Мадрид”-ыг буулган авч Цомтой багуудын цомд түрүүлж байсан бол 1972 онд UEFA Cup-д нутаг нэгт “Волверхэмптон”-ыг ялж, аваргын цом хүртэж байжээ. 1974 онд финалд шалгарсан ч “Фэйноорд”-д дийлдсэн бол 1984 онд “Андерлехт”-ийг хожиж гурав дахь Европын цомоо өргөсөн байна. Харин хамгийн сүүлд 2019 оны Аваргуудын лигийн шигшээд “Ливерпуль”-д 0:2-оор ялагдсан юм.
“Манчестер Юнайтед” мөн хагас шигшээд өөрийн нэр хүндийг баталсан тоглолтыг үзүүлж, Испанийн “Атлетико Билбао”-г нийт дүнгээр 7:1-ээр бут ниргэлээ. Эхний тоглолтод зочлон 3:0-ээр хожсон бол хариу тоглолтод талбай дээрээ 4:1-ээр ялалт байгуулсан байна. Тоглолтын эхэнд Испанийн 21 настай залуу хагас хамгаалагч Микель Хаурегисар гоолдсон ч “Манчестер Юнайтед” сүүлийн 20 минутын дотор дараалан дөрвөн гоол хийж, финалын эрхээ албан ёсоор баталгаажуулсан юм.
Английн багууд Европын цомын тэмцээний шигшээд зургаа дахь удаагаа хоорондоо өрсөлдөхөөр болж байна. Түүхэн хувьд хамгийн анхны дотоод финал 1963 онд “Тоттенхэм” болон “Волверхэмптон”-ийн хооронд болж байжээ. Үүний дараа 2008 онд Аваргуудын лигт “Манчестер Юнайтед” торгуулийн цохилтоор “Челси”-г хожсон бол 2019 онд Европа лигийн финалд “Челси”, Аваргуудын лигт “Ливерпуль” нутаг нэгт багуудаа ялж байсан түүхтэй. Харин 2021 онд “Челси” 13 жилийн өмнөх ялагдлын хариугаа Аваргуудын лигт авч чадсан билээ.
Энэхүү финал нь зөвхөн цомын төлөөх тулаан байгаад зогсохгүй, хоёр багийн хувьд дараа жил Европын тэмцээнд оролцох цорын ганц боломж болж байна. Учир нь “Тоттенхэм” болон “Манчестер Юнайтед” Английн Премьер лигийн 35 тойргийн дараагаар 38 болон 39 оноотой, хүснэгтийн 15, 16 дугаар байранд бичигдэж байгаа аж. Иймд тэдний хувьд энэ тэмцээнд түрүүлэх нь ирэх улиралд Европын тавцанд үлдэх амин чухал эрхийн төлөөх тулаан юм.
3 comments
Англи хэлний клубууд дахин хичээлээ харууллаа! Сайн байна!
Төгсгөл нь сонирхолтой байх болно, би тэсэн ядан хүлээж байна
Сайхан тоглолт байлаа, бид ахих эрхтэй байсан