2025 оны зуны эхний хэт халалт Европ тивийн хэд хэдэн улсад ноцтой гамшиг дагуулж, нэг хоногийн дотор найман хүн амиа алдсан ноцтой нөхцөл байдал үүсээд байна.
Лхагва гарагт Испанид дөрөв, Франц болон Италид тус бүр хоёр хүн нас барсан тухай албаныхан мэдээлжээ. Испанийн Экстремадура, Кордоба мужуудад нэг, нэг хүн халууныг тэсэлгүй амиа алдсан бол Каталониа мужид өмнөх өдөр дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас хоёр хүн нас барсан байна.
Францын Онцгой байдлын яам хоёр хүний амь нас эрсдэж, 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэв. Харин Итали дахь Сардини арлын эрэг орчимд 60-аас дээш настай хоёр эрэгтэй халууны улмаас амь насаа алдсан байна. Тус улсад 18 хотод онц байдал зарлаж, улаан түгшүүрийн дохио өгчээ.
Германы зарим хэсэгт Цельсийн 40 хэмийг давсан нь оны хамгийн халуун өдөрт тооцогдож байгаа бөгөөд Туркийн хэд хэдэн бүс нутагт ой хээрийн түймэр дэгдэж, 50 мянга орчим хүн нүүлгэн шилжихэд хүрчээ. Гэсэн ч тус улсын эрх баригчид түймрийн ихэнхийг дараад байгаагаа зарласан байна.
Франц, Итали, Герман улсын цаг уурчид агаар мандлын тогтворгүй байдлаас үүдэн хүчтэй салхи, шуурга дэгдэх аюултайг анхааруулжээ. Францын Альпийн нуруунд даваа гарагт болсон шуургаар хөрс нурснаар Парис–Милан чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн саатсан байна.
Швейцарын эрчим хүчний “Axpo” компани мягмар гарагт Безнау цөмийн цахилгаан станцын нэг реакторыг усны хэт халалтаас болж унтраасан бөгөөд нөгөө реакторын үйл ажиллагааг хязгаарлаж, багасгасан байна.
Allianz Research байгууллагын тайланд дурдсанаар, Цельсийн 32 хэмээс давсан халуун өдөр нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд хагас нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Ийм өдрүүд нь хагас өдөр ажил зогссонтой тэнцэх хэмжээний хохирол авчирдаг аж.
Хэт халалтыг үүсгэж буй гол хүчин зүйл бол Газар дундын тэнгисийн усны температурын огцом өсөлт, мөн Африкаас ирж буй халуун агаарын урсгал гэдгийг судлаачид тайлбарлажээ.
Германд иргэд сэрүүцэх зорилгоор гол, нуур, усан санг зорьж буй бөгөөд олон сургуулиуд хичээлээ түр зогсоогоод байна. Бранденбург, Саксони мужуудад гарсан түймрүүдтэй гал сөнөөгчид тэмцсээр байна.
Францын алдарт Эйфелийн цамхаг мягмар гарагт дээд давхраа түр хугацаанд хаасан нь халуунтай холбоотой байв. Брюсселийн Atomium цогцолбор мөн Лхагва гарагийн өглөө хаагдсан бөгөөд энэ долоо хоногт ийнхүү гурав дахь удаагаа үйл ажиллагаагаа зогсоолоо.
Хэт халалтын улмаас өнгөрсөн сар Испанийн түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сар болж бүртгэгдсэн бол Францын хувьд 2003 оноос хойшх хамгийн өндөр температуртай сар боллоо.