Европын 27 улс Газын иргэдийн амь насыг хөнөөсөн хэргээр Израилийг буруутгав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Европын 27 улс Газын иргэдийн амь насыг хөнөөсөн хэргээр Израилийг буруутгав

Израиль улс Газын зурваст энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэсний улмаас Европ болон барууны 27 орон нэгдэн, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдэлд Франц, Их Британи, Канад, Австрали, Итали, Япон, Шинэ Зеланд, Швейцар зэрэг орнууд багтаж байгаа бөгөөд тэд Израилийг хүнсний тусламж горьдож байсан энгийн хүмүүс рүү шууд халдсан хэмээн буруутгаж байна.

Мэдэгдэлд дараах гол зүйлийг онцолжээ:

  • Газын зурваст хүнсний тусламж хүлээж байсан 800 орчим иргэн амь үрэгдсэн;
  • Энгийн иргэд болон хүүхдүүдийн эсрэг илт халдсан үйлдэл нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн;
  • Дайныг нэн даруй зогсоох шаардлагатай.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Израилийн арми хоол хүнсний тусламж хүлээн зогсож байсан Газын иргэд рүү гэнэтийн халдлага үйлдсэн бөгөөд уг үйлдлийн улмаас 100 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлэгдэж байна. Мөн хэт бага тусламж хүргэгдэж байгаа, түүнийгээ хүртэж чадаагүйгээс болж амь насаа алдсан тохиолдлууд нэмэгдсээр байгаа аж.

Израилийн тал үүнд хариу мэдэгдэл хийж, “Бид олон улсын хуулийг хүндэтгэж, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Харин тухайн үед аюултай нөхцөл байдал үүссэн тул гэнэтийн аюулыг зогсоох зорилгоор гал нээсэн. Олон хүн амь үрэгдээгүй” хэмээн тайлбарласан байна.

Газын хойд хэсгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаагаас болж шархадсан иргэдийг өөр бүсийн эмнэлгүүд рүү шилжүүлэн эмчлүүлж байгаа тухай ч мэдээлж байна.

Судлаачид уг хамтарсан мэдэгдлийг Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх алхамд барууны орнууд улам ойртож буй дохио хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Дайныг зогсоох хамгийн оновчтой гарц нь Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх явдал” хэмээн мэдэгдсэн нь энэ байр суурийг бататгаж буй хэрэг боллоо.

1bff5231 1919 439b 8711 44c2acb71667 dd0df2e0 6585 11f0 89ea 4d6f9851f623 133020 1626751153 660x0 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment