Мальта улсын эрх баригчид жолоо барихаас түр хугацаанд татгалзахад бэлэн иргэдэд мөнгөн урамшуулал олгох сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Үүний хариуд 25,000 евро буюу ойролцоогоор 29,000 ам.доллар санал болгож байна.
Энэ талаар “Oddity Central” цахим хуудас мэдээлэв. “Жолооны үнэмлэх хүлээлгэн өгөх схем” нэртэй уг санаачилга нь зам дээрх автомашины тоог цөөлөхөд чиглэгджээ. Тус улс нь тээврийн хэрэгслийн нягтаршил ихтэй Европын орнуудын нэг бөгөөд үүнээс үүдэлтэй замын түгжрэл нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Тээврийн сайд Крис Бонетт тайлбарлахдаа, энэхүү хөтөлбөр нь ялангуяа залуучуудын дунд автомашин байнга ашигладаг зуршлыг өөрчлөх “хөдөлгөөнт цохилт” (mobile shock) үүсгэх зорилготой гэв.
Хөтөлбөрт хамрагдагсдад таван жилийн турш жил бүр 5,000 евро олгох юм. Үүний хариуд тэд тухайн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээсээ бүрэн татгалзах ёстой. Хэрэв хүн хугацаанаасаа өмнө дахин хүрдний ард суухаар шийдвэл авсан мөнгөө эргүүлэн төлөх шаардлагатай болно.
Хөтөлбөрт дараах тодорхой нөхцөлүүдийг заажээ:
- Оролцогч 30-аас доош настай байх;
- Тус улсад дор хаяж долоон жил амьдарсан байх;
- Жолооны үнэмлэхээ аваад нэгээс доошгүй жил болсон байх;
- Замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргаагүй байх.
Жил бүр энэхүү санаачилгад 5 сая орчим евро төсөвлөж байгаа бөгөөд оролцогчдын тоог 1,000 хүнээр хязгаарласан байна. Гэсэн хэдий ч хөтөлбөрийг сонирхогчдын тоо хэдийнэ өндөр байгаа аж.
Сонирхолтой нь, үнэмлэхээ хүлээлгэн өгсний дараа тэр нь хүчингүй болдог байна. Таван жилийн дараа шинээр үнэмлэх авахын тулд хамгийн багадаа 15 цагийн жолооны дадлага хийх зэрэг сургалтад дахин хамрагдах шаардлагатай.
Хөтөлбөрийн гол зорилго нь замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хэрэглээг дэмжих, агаарын бохирдлыг багасгахад оршиж байна.