Филиппиний Негрос арал дээр 3-р сарын 15-ны өдөр Канлаон галт уул хүчтэй дэлбэрлээ. Дэлбэрэлтийн үеэр ойролцоогоор 5 км өндөрт өтгөн хар үнсэн багана тэнгэрт боссон байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр энэ нь тус галт уулын энэ он гарсаар гурав дахь дэлбэрэлт бөгөөд өмнө нь 2-р сарын 19 болон 26-ны өдрүүдэд идэвхжиж байжээ.
Филиппиний Галт уул судлал, газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс (PHIVOLCS) Facebook хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлснийг Medee.news дамжууллаа.
Хэргийн газраас авсан дүрс бичлэгт бараан үнсэн үүл ойр орчмын бүс нутгийг нөмөрч, улмаар зүүн өмнөд болон зүүн хойд зүг рүү нүүж байгаа нь бичигдсэн байна. Мэргэжилтнүүд болсон үйл явдлыг “дунд зэргийн хүчтэй дэлбэрэлт” гэж тодорхойлжээ.
Одоогоор галт уулын идэвхжилд түгшүүрийн хоёрдугаар түвшин тогтоогоод байгаа бөгөөд тогооны эргэн тойрон дахь байнгын аюултай бүсэд ойртохыг иргэдэд хориглоод байна. Аюулын энэ түвшинд гэнэтийн уурын тэсрэлт болох болон магма дээшлэх анхны шинж тэмдэг ажиглагддаг аж. Идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор тогооноос 4 км-ийн радиус бүхий байнгын аюултай бүсэд нэвтрэхийг хатуу хоригложээ.