2025 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. Тэрээр уг шийдвэрийг Ойрх Дорнодын бүс нутагт шударга, тогтвортой энх тайвныг тогтооход чиглэсэн Францын түүхэн байр суурийн илрэл хэмээн тодорхойлсон байна.
“Ойрх Дорнодод шударга, бат бөх энх тайвныг тогтоох түүхэн үүрэгтээ үнэнч байгаагийн хувьд миний бие Палестин улсыг Франц улс хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргалаа” хэмээн Макрон X (хуучнаар Twitter) сүлжээндээ бичиж, Палестины өөртөө засах захиргааны тэргүүн Махмуд Аббаст илгээсэн захидлаа нийтэлжээ.
Түүнчлэн Францын төрийн тэргүүн Газын зурваст яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, бүс нутгийн тогтворгүй байдлыг намжаах шаардлагатайг онцолжээ. “Нэн даруй гал зогсоож, барьцаанд байгаа бүх хүнийг суллахын зэрэгцээ Газын зурвасын иргэдэд өргөн хүрээний тусламж үзүүлж, ХАМАС-ыг цэрэггүйжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, дахин сэргээх шаардлагатай” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Палестины эрх баригчид Францын уг шийдвэрийг талархан хүлээн авч, баяр хүргэсэн бол Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху эрс шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. “Энэ бол терроризмын шагнал” хэмээн тэрээр мэдэгдэж, “Палестинчууд Израилтай зэрэгцэн орших улс байгуулахыг бус, Израилын оронд улс байгуулахыг эрмэлзэж байна” гэж тодотгосон байна.
НҮБ-ын 193 гишүүн орны дунд 140 гаруй улс Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд тэдний дотор Орос, Хятад, Польш, Испани зэрэг Европын Холбооны хэд хэдэн гишүүн улс багтдаг.
Францын энэхүү алхам нь Европ дахь нөлөө бүхий улсын байр суурьт чухал өөрчлөлт авчирч, Палестин-Израилын маргааны шийдэлд шинэ хандлага гарч болзошгүйг илтгэж байна.