Өмнөд Солонгосын алдарт дуучин, K-pop-ын од G-Dragon-ийн уран бүтээлд бүхэлд нь зориулсан шинэ хичээлийн хөтөлбөрийг АНУ-ын Лос-Анжелес хотод байрлах Өмнөд Калифорнийн Их Сургууль (USC) албан ёсоор нээснээ зарлажээ. Энэхүү шинэ сургалт нь ирэх хаврын семестрээс эхлэн оюутнуудад хүрэх юм.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын томоохон их сургуулиуд алдартай уран бүтээлчдийн бүтээлийг судлах хичээлүүдийг нээж байгаа нь сонирхол татаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Харвардын Их Сургууль Тейлор Свифтийн, Иелийн Их Сургууль Бейонсегийн уран бүтээлийг судлах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Харин энэ удаад K-pop-ын уран бүтээлчид бүхэлд нь зориулсан курс нээгдэж байгаа нь онцлог юм. USC нь G-Dragon-ийг «Олон талт жүжигчин», «Бүтэн үеийг хамарсан үзэгдэл», мөн «К-поп хөгжмийн боломжийг давсан уран бүтээлч» хэмээн тодорхойлсон байна.
Шинэ хичээлийг солонгос судлалын нэрт эрдэмтэн И Хэ Жин багш удирдан заах аж. Түүний хичээлийн гол зорилго нь G-Dragon-ийн Солонгосын соёлд үзүүлсэн нөлөө, түүний уран бүтээлийн онцлог шинжийг судлах юм. Мөн энэхүү хичээлээр дамжуулан K-pop хөгжим нь зөвхөн «шоу» төдий биш, харин жинхэнэ уран бүтээл мөн гэсэн «домог яриа»-г няцаахыг зорьж байна.