Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллав. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг хүүхэд эзэлдэг тул тус төвийн эмч, мэргэжилтнүүд өндөр ачаалалтай ажилладаг. Яаралтай тусламжийн тасаг нь сар бүр 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг бол улсын хэмжээнд ганц байдаг төрөлжсөн төвийн амбулаторийн барилга ашиглалтад орсноос хойш 38 жил өнгөрчээ.
1100 ам метр талбайтай хуучин амбулаториор өдөрт дунджаар 1200 хүүхэд үйлчлүүлдэг бөгөөд тэдний ард дагалдаж ирэх хүмүүсийг тооцвол өдөрт нийт 3500 орчим хүн зөвхөн амбулаториор үйлчлүүлдэг байна.
Ачааллыг бууруулах зорилгоор барьж буй шинэ амбулаторийн барилгын ажил дуусч, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад орох уг барилга хуучнаасаа найм дахин том бөгөөд үзлэгийн хүлээлгийн хугацаа тав хоногоор, мэс заслынх 40 хоногоор богиносох боломжтой. Кабинетийн тоо 34-өөс 95 болж нэмэгдэж, өдрийн эмчилгээ болон мэс заслын таван өрөө ажиллах юм. Мөн төрөлжсөн 33 кабинетэд 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ.
Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр архаг ангилалд багтдаг хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тогтоосон хязгаарлалтыг дахин авч үзэх, ирэх онд санхүүжилтийг хүүхдэд илүү ээлтэй байдлаар шийдэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэдгийг онцолсон байна.