Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатарыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргалаа. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудлыг авч хэлэлцэхэд гишүүдийн 84.2 хувь нь чөлөөлөх хүсэлтийг дэмжээд байсан юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг тус хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгөв.
Хэлэлцүүлгийн явцад Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах үндэслэл болон улс орны цаашдын нөхцөл байдалтай холбогдуулан дараах гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм:
- С.Зулпхар
- Ж.Чинбүрэн
- Д.Рэгдэл
- Р.Батболд
- Н.Батсүмбэрэл
- С.Замира
- С.Бямбацогт
- У.Отгонбаяр
- Т.Доржханд
Чуулганы нэгдсэн хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцоогүй бөгөөд 73 гишүүний ирцтэйгээр хуралдаан эхэлсэн байна. Санал хураалтын шатанд нийт 76 гишүүн оролцсоноос 74 хувь нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар албан ёсоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд намын дотоод зөрчил болон эдийн засгийн тогтвортой байдлын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ: “Бид тогтвортой байдлын төлөө л энд байгаа. МАН-ын маш олон гишүүн манай Боловсролын сайдыг гүтгэсэн. Бид МАН-ын нэг ч сайдын асуудлыг хөндөөгүй. Монгол Улс цөөхөн хүн амтай, том газар нутагтай. Дэлхий дээр ийм улс хөгжсөн түүх байхгүй. Төсвөөрөө бид дэд бүтцээ шийдэх гээд чадсангүй. Хэзээ ч бид үүнийг төсвөөрөө шийдэж чадахгүй. Манайх дэндүү жижиг эдийн засагтай, хуурай, хүйтэн, хоёр хөрштэй, далайд гарцгүй. Дэлхий даяараа үнийн өсөлттэй хүнд цаг үе байна. Хөрөнгө оруулагч байхгүй. Засгийн газар нь тогтворгүй. Хэн ийм улсад хөрөнгө оруулалт хийх юм бэ. Хэн тогтвортой Засгийн газар байгуулж байна тэнд хөрөнгө оруулалт хийдэг. 100 гаруй жилийн түүхийн МАН өөрсдөө хоёр удаа Засгийн газраа огцрууллаа шүү. Засгийн газраа унагаад үр дүн нь юу байх вэ. Энэ Засгийн газар сайн ажилласан. Хамгийн гол нь тогтвортой байдал чухал шүү” хэмээн онцлон тэмдэглэв.