Газын зурвас дахь нөхцөл байдал улам дордож, олон улсын анхаарлын төвд дахин орлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) хавсарсан ерөнхий захирал Майк Райн нөхцөл байдлыг “жигшиж зэвүүцмээр” хэмээн тодорхойлов.
Майк Райн мэдэгдэлдээ “Сөргөлдөгч хоёр тал улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хэдий хэмжээний цус урсгах хэрэгтэй юм бол гэж асуумаар байна. Газын зурвас дахь хүүхдүүдийн бие, сэтгэлийг бид ураад дууслаа. Бид хүүхдүүдийг өлсгөлөнгөөр алж байна. Одоо л хөдлөхгүй бол бидний өмнө болж байгаа зүйлд бид өөрсдөө хамсаатан нь болно” гэж хэллээ.
Израилийн арми Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулахыг хориглож, хаалт тогтоосноос хойш хоёр сар өнгөрөөд байна. Израилийн эрх баригчид 2023 оны аравдугаар сарын 7-нд барьцаалагдсан хүмүүсийг суллуулахын тулд Хамас бүлэглэлд дарамт шахалт үзүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг авсан гэж тайлбарлажээ. Барьцаалагдсан 251 хүнээс 58 нь Газад хэвээр байгаа бөгөөд тэдгээрийн 34 нь аль хэдийн амиа алдсан гэж Израилийн тал үзэж байна.
Газын зурвасыг бүслэхэд НҮБ анхнаасаа хүмүүнлэгийн хямрал үүснэ гэдгийг анхааруулж байсан. Одоогоор 2.4 сая оршин суугч тусламж дэмжлэг авч чадахгүй байдалд орж, эрүүл мэндийн нөхцөл байдал улам муудаж, өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлснээр Газын зурвас дахь хүнсний нөөц хэд хоногийн өмнө бүрэн шавхагдсан байна.
Хүмүүнлэгийн байгууллагуудын хүчин чармайлт хангалтгүй болж, хямрал гүнзгийрч байгаа талаар олон улсын ажиглагчид анхааруулж байна.