Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын одоогийн байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
Үүний дагуу сургууль, цэцэрлэг, хүүхдийн зуслан, уул уурхайн салбарт ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага зэрэг олон хүн цугларсан газруудад гэдэсний халдварт өвчин, хоолны хордлого гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхээр шийджээ.
Үүнээс гадна хүнсний сүлжээний бүх үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд ажилчдын байр, орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг судалж, шийдвэрлэх, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон аймгуудын Стандарт хэмжилзүйн хэлтсийн лабораториудын хүчин чадал, итгэмжлэлийн хүрээг өргөжүүлэх, хордлого, халдвар гарсан тохиолдолд шуурхай, хамтарсан ажиллагаа явуулах, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа, хүнсний худалдаа үйлчилгээнд байнгын хяналт тавьж, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг дээшлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ.
2025 оны эхний хагас жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн байгууллагад хоолны хордлогын зургаан тохиолдол бүртгэгдэж, 451 хүн өртөн байна.