Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км урттай авто замын бүтээн байгуулалт 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд замын эхний 2.4 км хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн зургадугаар сард нээсэн бол үлдсэн 1.5 км хэсгийг аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төслийн явц ба техникийн үзүүлэлт
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн хэлэхдээ:
“Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын чиглэлд авто замын суурь хучилт бүрэн хийгдсэн. Одоо замын тэмдэг, тэмдэглэгээ болон гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байна. Энэ сарын дуустал Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хороолол хүртэлх болон Саппорогийн уулзвар уруудах хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Мөн шугам сүлжээний ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна.”
Тус төслийн гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК болон түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байгаа бөгөөд зам нь Улаанбаатар хотын баруун хэсгийн авто хөдөлгөөний ачааллыг 50 хүртэл хувиар бууруулах хүчин чадалтай юм.
Авто замын техникийн үзүүлэлт
- Нийт урт: 3.9 км (үүнээс 1.5 км хэсэг нээгдэнэ)
- Зорчих хэсгийн өргөн: 25 метр
- Явган замын өргөн: 2 метр (хоёр талдаа)
- Гүүрний урт: 31.1 метр
- Нүхэн гарц: 4 ширхэг
- Хоолой: 14 ширхэг
- Тулц хана: 4 ширхэг
Шинэ авто зам нь зургаан эгнээтэй, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарц бүхий төв замын шинэ холбоос болж, Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн түгжрэлийг мэдэгдэхүйц бууруулах юм.