Берлин хотноо Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский айлчилж буйтай зэрэгцэн Германы канцлер Фридрих Мерц Украинд Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх чадвартай шинэ зэвсгийг хамтран үйлдвэрлэх шийдвэрийг танилцууллаа. Хоёр улсын батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уг зэвсгийг Германы хөрөнгө оруулалт, технологийн тусламжтайгаар Украинд үйлдвэрлэхээр болжээ.
Зэвсгийн нарийвчилсан техникийн үзүүлэлт, аль үйлдвэрлэгч хамтран ажиллах талаар одоогоор мэдээлэл ил болоогүй байна. Гэсэн хэдий ч Мерц “тусгалын ямар нэгэн хязгаарлалт байхгүй” хэмээн мэдэгдэж, Украин улс зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй хил давсан цэргийн байгууламжууд руу довтлох боломжтой болохыг онцолсон юм. Энэ нь холбоотнуудын зүгээс өгч буй дэмжлэг улам нэмэгдэж байгаагийн илрэл хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.
Украины Ерөнхийлөгч Зеленский хэвлэлийн хурлын үеэр Оросын зүгээс энхийн гэрээ байгуулах үйл явцыг санаатайгаар сааруулж байгааг шүүмжилсэн бөгөөд “Тэд дайныг зогсоохгүй байх шалтгааныг байнга хайж байдаг” гэж байр сууриа илэрхийлжээ. Харин Мерц Киев хот руу өгсөн амралтын өдрийн агаарын цохилтыг “энхийн оронд дайн, түрэмгийлэл сонгож байгааг харуулсан үйлдэл” гэж тодорхойлж, Европ, АНУ болон энхийн төлөө тэмцэж буй бүхний эсрэг хийсэн доромжлол хэмээн үзсэн байна.
Зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотойгоор Германы батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, шинээр байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд энэ оны дотор их хэмжээний алсын тусгалын зэвсгийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд эхний зэвсгүүд хэдхэн долоо хоногийн дараа Украины армид нийлүүлэгдэж эхэлнэ. Украин цэргийн хүчин уг зэвсгийг өмнө нь ашиглаж байсан тул нэмэлт сургалт шаардлагагүй гэдгийг ч дурдсан байна.
Түүнчлэн Германы парламентын өмнө нь баталсан таван тэрбум еврогийн дэмжлэгийн хүрээнд сум, жижиг зэвсэг, хиймэл дагуулын холбооны систем, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг мөн Украинд илгээж байгаа талаар танилцууллаа.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Мерц Nord Stream дамжуулах хоолойн байгалийн хийн нийлүүлэлтийг сэргээх талаар яригдаж буй Орос, АНУ-ын зарим хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийг таслан зогсоохын тулд Герман улс бүхнийг хийх болно гэдгийг онцолжээ. Энэ мэдэгдэл нь Европ дахь геополитикийн байдал улам хурцдаж буйг харуулж байна.
Мерц телевизийн ярилцлагад оролцох үеэрээ Украинд нийлүүлэгдэх аливаа холбоотны зэвсгийн хувьд тусгалын хязгаарлалт байхгүй болсон гэдгийг дахин давтаж хэлсэн нь Их Британи, Франц, АНУ-ын нийлүүлж буй зэвсэгт ч хамаатай болохыг баталсан байна.