ХБНГУ-ын баруун өмнөд нутгийн Баден-Вюртемберг мужийн Ридлинген хотын ойролцоо энэ ням гарагт зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Осол орон нутгийн цагаар 18:10 минутад болж, улмаар 3 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын цагдаагийн байгууллага болон хэвлэлүүд мэдээлж байна.
100 гаруй зорчигч явж байсан
Deutsche Bahn компанийн мэдээлснээр Зигмаринген-Ульм чиглэлд хоёр вагонтой явж байсан галт тэрэг тухайн үед ойролцоогоор 100 зорчигч тээвэрлэж явжээ. Осол ойн бүсэд тохиолдсон бөгөөд байгалийн нөхцөл байдал, тэр дундаа хүчтэй салхи, шуурганы улмаас зам дээр мод унасан байж болзошгүй гэж таамаглаж байна. Германы хэвлэлүүдийн мэдээлснээр хөрсний гулсалт ч мөн гол шалтгаануудын нэг байж болзошгүй ажээ.
Албан ёсны хариу арга хэмжээ
ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц ослоор амь эрсэдсэн иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ослын мөрөөр холбогдох яамдтай нягт хамтран ажиллахыг үүрэгдсэнээ мэдэгдэв. Тэрээр «Х» (хуучнаар Твиттер) хуудсаараа дамжуулан “осолдсон галт тэрэгний асуудлыг шуурхай, бүх талаар шалгаж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авна” хэмээн онцолжээ.
Нийтийн тээврийн дэд бүтцийн асуудал дахин хөндөгдөв
Энэхүү осол нь Германд сүүлийн жилүүдэд олон удаа сөхөгдөж буй нийтийн тээврийн дэд бүтцийн хуучрал, тогтмол саатал, техникийн доголдлуудын талаар иргэдийн дунд байгаа бухимдлыг дахин нэмэгдүүлээд байна. 2022 онд Баварид болсон галт тэрэгний ослоор дөрвөн хүн амиа алдаж байсан бол 1998 онд Эшедед болсон ослоор 101 хүн амиа алдаж, улсын түүхэн дэх хамгийн олон хүний амь үрэгдсэн ослоор тэмдэглэгдсэн байдаг.
Германы засгийн газар ойрын жилүүдэд нийтийн тээврийн дэд бүтцийг шинэчлэхийн тулд хэдэн зуун тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр амлалт өгөөд байгаа ч дахин давтагдаж буй ослууд нь энэ чиглэлд хийх ажлуудыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.
2 комментария
Ийм осол болсон гэж сонсоод их харамсалтай байна. Гэр бүл, ойр дотныхонд нь эмгэнэл илэрхийлье
Сүүлийн үед Европт галт тэрэгний осол их гарах боллоо. Аюулгүй байдалд анхаарах цаг болсон байна