Өнөөдөр буюу Даваа гарагийн (3-р сарын 16) өглөө Гонконгийн Коулун-Бэй дүүргийн Лам Хинг гудамжинд нэгэн автомашин явган хүний зам руу дайран орж, есөн хүн гэмтсэн тухай SCMP хэвлэл мэдээллээ.
Орон нутгийн болон Хятадын улсын дугаартай уг автомашины зүүн талын урд хаалга, цонх болон зүүн хойд хаалга нь ихээхэн эвдэрчээ. Осол болсон газарт явган хүний замын хавтангууд бутарч, замын хайс, хэд хэдэн гэрлийн шон болон моднууд эвдэрч сүйдсэн байдалтай байна гэж Medee.news дамжууллаа.
Ослын улмаас бэртсэн таван хүнийг Квун-Тонг дахь Нэгдсэн Христийн эмнэлэгт хүргэсэн бол үлдсэн дөрвөн хүнийг Коулун дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
Автомашины жолооч ослын үеэр ямар нэгэн гэмтэл аваагүй бөгөөд түүний цусан дахь спиртийн агууламжийг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогджээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас хэргийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн тодруулж байна.