Home Улстөр Говийн бүсэд уул уурхайн тээврийг зогсоож, хатуу хяналт шалгалт хийхээр боллоо

Говийн бүсэд уул уурхайн тээврийг зогсоож, хатуу хяналт шалгалт хийхээр боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
уул уурхайн бүтээгдэхүүн

2025 оны тавдугаар сарын 30-нд Зам, тээврийн яамнаас цаг үеийн асуудлаар хийсэн мэдээллийн үеэр говийн бүсэд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгалт хийх тухай мэдэгдлээ.

ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга А.Энхболдын хэлснээр, Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу авто замаар зорчих тээврийн хэрэгслийн дээд даац нь 44 тонн байхаар MNS4598:2025 стандартын дагуу тогтоогдсон. Харин бодит жинг хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын замаар л хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд цемент, шатахуун зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл 140 тонн хүртэл ачаа тээвэрлэн, авто замыг ноцтой эвдэж байгааг дурдав.

Үүнтэй холбогдуулан, нийтийн хэрэгцээний авто замаар тээвэр хийх үед даац хэтрүүлсэн зөрчил илэрвэл тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, түр зогсоох арга хэмжээг авах бөгөөд говийн бүсийн уул уурхайн тээврийг ирэх Даваа гаригаас эхлэн бүрэн зогсоож, хяналт шалгалт хийнэ.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон уул уурхайн экспортын “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг зөвхөн тээвэрлэлтийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд олгож байсан бол цаашид тээврийн хэрэгсэл бүрт шууд хуваарилах шинэ зохицуулалт хийхээр ажиллаж байгааг онцолсон. Ингэснээр жолооч нар сул зогсолтоос гарч, уурхайн гадна олон хоног хүлээх хүндрэл буурах юм. Мөн “С” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл бүхий ААН-үүд бүх уурхайтай гэрээ байгуулан тээвэр гүйцэтгэх боломжтой болохоор төлөвлөж байна.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.Оюунболдын мэдээлснээр, говийн бүсийн хоёр чиглэлд их засварын ажил хийгдэх бөгөөд авто замын 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулж, камержуулсан хяналтын системд шилжүүлнэ. Улсын хэмжээнд ажиллаж буй 40 камерын хяналтын системийг тээврийн цагдаагийн албатай холбож, цаашид 100 орчим камер ажиллуулан хяналтыг улам сайжруулах юм.

Мөн сүүлийн таван жилийн хугацаанд 124,500 зам тээврийн осол бүртгэгдэж, 14,993 хүн гэмтэж, 2534 хүн амиа алдсанаас 80 хувь нь орон нутгийн замд гарсан ослоос үүдэлтэй байгааг анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.