Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил улс төрийн хүрээнд ид өрнөж байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшихээр зэхэж байгаа гэх мэдээлэл гарч буйтай зэрэгцэн, Ардчилсан намын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшихгүй байх хязгаарлалт тогтоох санаачилга гаргаснаа зарласан юм.
Энэхүү байр суурийг Ардчилсан намын УИХ дахь 42 гишүүнээс 36 нь дэмжиж, албан ёсоор гарын үсэг зуржээ. Харин зургаан гишүүн гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд тэдгээрийн дунд өмнө нь хуулийн байгууллагад шалгагдаж байсан хүмүүс ч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Хамгийн анхаарал татах баримт бол Ерөнхийлөгч асан, АН-ын УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга өөрөө энэ санаачилгад гарын үсэг зурсан явдал юм. Тэрээр улс төрийн хүрээнд 2027 оны сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх магадлалтай гол хүн хэмээн яригддаг ч, өөрийгөө нэр дэвших боломжгүй болгох хязгаарлалтыг дэмжсэн нь улс төрийн нөхцөл байдалд шинэ өнгө нэмлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн тодорхойлсноор энэ санаачилгын зорилго нь “Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалж, Ерөнхийлөгч дахин сонгогдохгүй байх зарчмыг тууштай хадгалах”-ад чиглэж байгаа аж.
АН болон МАН-ын зүгээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших талаар одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй ч улс төрийн хүрээнд У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын дунд өрсөлдөөн өрнөх боломжтой гэж таамаглаж байсан билээ. Харин одоогийн нөхцөл байдал энэхүү таамаглалыг эргэлзээтэй болгож эхэллээ.