НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хотын тохижилт, нийтийн аж ахуй, байгаль орчны хамгаалалт, хамтын ажиллагааны уялдааг хангах талаар чиглэл өгч, үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн ЗДТГ нь нийслэлийн зөвшөөрөлгүйгээр “Голден Билигт” ХХК-тай хамтран 45 дугаар сургуулийн урд талд есөн ТҮЦ хэлбэрийн түр байгууламж байршуулсан байв. Энэ нь Үндэсний их баяр наадмын үеэр хийгдсэн бөгөөд нийслэлийн бодлоготой зөрчилджээ. Уг асуудлыг шийдвэрлэхээр 7-р сарын 18-нд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай газар дээр нь ажиллаж, нийтийн өмчид халдсан ТҮЦ-үүдийг буулгаж, талбайг хуучин байдалд нь оруулах арга хэмжээ авсан.
Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж буй ТҮЦ-үүдийг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг иргэд дэмжиж байгаа бөгөөд нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд нийслэлийн бодлого, шийдвэртэй нийцтэй ажиллах, ийм төрлийн зөрчил гаргахгүй байхыг Хотын дарга Х.Нямбаатар онцгойлон анхаарууллаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс